Monday, September 28, 2009

I have a dream

Мартин Лютер Кинг:


1 Өнөөдөр би манай үндэстний түүхэн дэх эрх чөлөөний төлөөх хамгийн агуу жагсаал буюу түүхэн үйл явдалд та бүхэнтэйгээ нэгдсэндээ баяртай байна.
2 Таван зууны тэртээ өнөөдөр бид билэгдлийн сүүдэр доор нь зогсож буй энэ агуу Америк хүн Эрх чөлөөний тунхагт гарын үсэг зурсан юм. Түүхэн энэхүү тогтоол улам бүр сулрах шударга бус байдлын галд төөнөгдөж байсан сая сая хар арьст боолчуудын хувьд итгэл найдварын гэрэлт цамхаг болсон юм. Энэ нь тэдний хувьд боолчлолын урт шөнийн эцэст баясгалант өглөө ирэхтэй адил байв.
3 Гэвч зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд эрх чөлөөгүй хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнуудын амьдрал ялгаварлан гадуурхах үзлийн гаванд гутамшигтайгаар баглуулж, арьс өнгөөр ялгавах үзлийн гинжинд хүлэгдсэн хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд материаллаг баялагийн хязгааргүй далай дундах ядуурлын орхигдсон арал дээр амьдарч байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд Америкийн нийгмийн буланд зовсон хэвээр, төрөлх эх нутагтаа цөлөгдөгч мэт амьдарч байна. Иймээс бид өнөөдөр энэхүү ичгүүртэй нөхцөл байдлыг ний нуугүй илчлэхээр энд хуран цуглараад байна.

4 Өөрөөр хэлбэл бид чекээ бэлэн мөнгө болгохоор улсынхаа нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Манай бүгд найрамдах улсыг үндэслэгчид Үндсэн Хууль болон Тусгаар Тогтнолын Тунхаг Бичгийн гайхамшигт үгсийг бичиж байхдаа Америк иргэн бүр хувь хүртэгч нь болох амлалтын үнэт цаасанд гарын үсэг зурсан юм. /Алга ташилт/. Энэхүү үнэт цаас нь бүх хүмүүс, тиймээ, цагаан төдийгүй хар арьстан хүн бүрийн амьд явах, эрх чөлөөгөө эдлэх, аз жаргалтай амьдрахыг баталгаажуулсан амлалт байсан билээ. /алга ташилт/
5 Өнөөдөр Америк улс иргэдийнхээ арьсны өнгөнөөс болж энэхүү амлалтын үнэт цаасаа үл тоомсорлож буй нь илэрхий байна. Энэхүү ариун үүргээ биелүүлэхийн оронд Америк улс хар арьст хүмүүст хуурамч чек буюу “дансны мөнгө хүрэлцэхгүй” гэсэн тэмдэглэгээтэй буцаагдах чекийг өгчээ.
6 Гэвч шударга үнэний банк дампуурсан гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Энэхүү улс үндэстний боломж гэсэн том сейфэнд мөнгө байхгүй гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ бэлэн мөнгө болгохоор бид ирлээ.

7 Мөн бид одоо гэсэн хатуу шаардлагыг Америк улсад сануулахаар энэхүү ариун дагшин газар ирээд байна. Энэ бол бага зэрэг сэрүүцсэндээ тайвширч суух, “өөрчлөлт өөрөө ирэхийг хүлээх” гэсэн мэдээ алдуулах эм хэрэглэх цаг биш ээ. Энэ бол бид ардчилалын амлалтыг бодитой болгох цаг юм. Энэ бол ялгаварлан гадуурхлын зовлонт харанхуй хөндийгөөс өндийн босч, арьс өнгөний шударга ёсны жимд нар тусгах цаг юм. Энэ бол улс үндэстнээ арьс өнгөний шударга бус байдлын нуранги элснээс ахан дүүсийн барилдлагын хадан сууринд татан гаргах цаг юм. Энэ бол шударга ёсыг Бурханы бүх хүүхдүүдийн хувьд бодит байдал болгох цаг юм.

8 Цаг үеийн шаардлагыг үл ойшоох нь улс үндэстний хувьд хор хөнөөлтэй зүйл байх болно. Хар арьстнуудын зүй ёсны бухимдлын бүгчим зун эрх чөлөө, тэгш байдлын налгар намар иртэл дуусахгүй. 1963 он бол төгсгөл биш, харин эхлэл юм. Хэрвээ улс үндэстэн ердийнхөөрөө үйл хэрэгтээ эргэн орвол хар арьстнууд тайвшрах хэрэгтэй, одоо сэтгэл хангалуун байж болно гэж итгэгсэд цочин сэрэх болно. Хар арьстнууд иргэний эрхээ баталгаатай эдлээгүй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно. Шударга ёсны гэрэлт өдөр ирэх хүртэл манай үндэстний суурийг ганхуулах тэмцлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. /алга ташилт/

9 Гэвч шударга ёсны ордонд хүрэх дулаан босгон дээр зогсож байгаа өөрийн хүмүүстээ хэлэх ёстой зүйл надад байна. Өөрсдийн зүй ёсны байр сууриа олж авах энэхүү үйл явцад бид буруу үйлийн гэмтэн болох ёсгүй билээ. /алга ташилт/ Бид үзэн ядалт, уй гашууны аяганаас эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй.
10 Бид өөрсдийн тэмцлээ үргэлж нэр хүнд, сахилга батын өндөрлөгт хийх ёстой. Бид энэхүү бүтээлч эсэргүүцлээ биеийн хүчирхийлэл болон буурахыг зөвшөөрөх ёсгүй. Бид биеийн хүчийг сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт өндөрлөгт ахин дахин хүрэх ёстой.

11 Хар арьстнуудын нийгмийг эзэмдэх болсон ер бусын, шинэ хөдөлгөөн биднийг бүх цагаан арьстнуудад үл итгэх байдал руу хөтлөх ёсгүй. Учир нь өнөөдөр та нарын дунд зарим нь зогсож буй, бидний ахан дүүс болсон цагаан арьстнууд тэдний хувь заяа биднийхтэй холбоотой гэдгийг ойлгохоор ирсэн юм. Тэдний эрх чөлөө биднийхтэй салшгүй уялдаатай болохыг ойлгохоор тэд ирсэн юм. Бид тус тусдаа явж чадахгүй ээ.

12 Явж байхдаа ч гэсэн бид зөвхөн урагшаа л алхана гэсэн амлалт өгөх ёстой. Бид эргэж буцах ёсгүй. Иргэний эрхийн хөдөлгөөний идэвхтэнээс “Та нар хэзээ санаа амрах вэ?” хэмээн асуух хүмүүс байдаг. Хар арьстнууд цагдаагийн харгислалын үгээр илэрхийлшгүй аймшгийн хохирогчид болж байгаа цагт бид санаа амарч чадахгүй ээ. Аян замын уртад эцэж цуцсан биеэ хурдны замын хажуугийн дэн буудал, хотын зочид буудалд алжаалыг нь тайлах эрхгүй байхад бид санаа амарч чадахгүй ээ. Хар арьстнууд тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргүүдээс чөлөөлөгдөх хүртэл бид амарч чадахгүй ээ. Бидний хүүхдүүд “Зөвхөн цагаан арьстнууд орно” гэсэн бичээсийн улмаас хүн биш болж, үнэ цэнээ алдаж байхад бид санаа амарч чадахгүй ээ. Миссисипийн хар арьстнууд санал өгөх эрхгүй, Нью-Йоркийн хар арьстнууд өөрсдийгөө сонгуультай ямар ч холбоогүй гэж бодож буй цагт бид санаа амарч чадахгүй ээ. Үгүй ээ, үгүй! Бид санаа амарч чадахгүй ээ. Шударга ёс их ус мэт хуйларч, зөвт байдал хүчит урсгал мэт урсах хүртэл бид санаа амарч чадахгүй ээ.

13 Та бүхний зарим нь хүнд зовлон, сорилтууд дундаас ирсэн гэдгийг чинь анзаарахааргүй мунхаг нэгэн би биш ээ. Та бүхний зарим нь давчуу бүгчим шоронгийн өрөөнөөс дөнгөж суллагдаад ирсэн байх. Та бүхний зарим нь эрх чөлөөний эрэл хайгуул чинь хавчлагын хуй салхинд балбуулж, цагдаагийн харгислалын салхинд нүдүүлдэг газраас ирсэн байх. Та бүхэн бол бүтээлч зовлонгийн ахмад дайчид юм. Гэм зэмгүй зовлонгийн нөхөн төлбөр бий гэсэн итгэлтэйгээр ажил үйлсээ үргэлжлүүл.

14 Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Өмнөд Каролина руугаа яв, Жоржидоо оч, Луизана руугаа буц, энэхүү нөхцөл байдлыг яаж ийгээд өөрчилж болно гэдгийг мэдээд Умардын хотууд дахь өөрсдийн борчуудын дүүрэг, умгар овоохойнууддаа оч. Цөхрөлийн хөндийдөө үүрд үл үлдэцгээе.

15 Нөхөд өө, өнөөдөр, маргааш бид зовлон бэрхшээлтэй тулгарсан хэвээр байх ч гэлээ би мөрөөдсөн хэвээр байна гэдгээ хэлье. Энэ бол Америк мөрөөдөлд гүн суурилсан мөрөөдөл юм.

16 Нэг л өдөр энэхүү үндэстэн сэрж, “Хүн бүр тэгш эрхтэй бүтээгдсэн гэдэгт бид итгэдэг” гэсэн тунхгаа хэрэгжүүлэн амьдрах болно гэж би мөрөөддөг.
17 Нэг л өдөр Жоржийн улаан толгод дээр хуучин боолын хүү, боолын эзэний хүүтэй ахан дүүсийн ширээнд хамт сууна хэмээн би мөрөөдөж байна.
18 Нэг л өдөр шударга бус байдал, хавчлага, дарлалын халуунд цөлжсөн Миссисипи муж эрх чөлөө, шударга ёсны баянбүрд болон хувирна хэмээн би мөрөөдөж байна.

19 Нэг л өдөр миний дөрвөн бяцхан хүүхэд арьсныхаа өнгөнөөс болж биш, зан араншингийнхаа төлөө бусдын адил шийтгэл хүлээдэг тийм улсад амьдарна хэмээн би мөрөөдөж байна. Би мөрөөдөж байна.

20 Нэг л өдөр арьс өнгөөр ялгаварлан заналхийлэгч этгээдүүдтэй, харуудыг устгах, зайлуулах тухай ярьж явдаг мужийн захирагчтай Алабама мужид хар арьст бяцхан охид, хөвгүүд цагаан арьст охид, хөвгүүдтэй ахан дүүс мэт гар гараасаа барилцан алхах болно хэмээн би мөрөөдөж байна. Би мөрөөдөж байна.

21 Нэг л өдөр хөндий бүхэн амгалан болж, уул толгод бүр намсаж, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим дардан харгуй болж, Бурханы алдар илчлэгдэн, бүх махан бие үүнийг хамтдаа харах болно хэмээн би мөрөөдөж байна.
22 Энэ бол бидний найдвар юм. Энэ бол миний Өмнөд нутаг руугаа өвөртлөн буцах итгэл юм. Энэхүү итгэлээр бид цөхрөлийн уулыг найдварын хад болгон засч чадна. Энэхүү итгэлээр бид улс үндэстнийхээ чихарсан, хөггүй эгшигийг ахан дүүсийн барилдлагааны уянгалаг симфони болгож чадна. Энэхүү итгэлээр бид нэг л өдөр чөлөөтэй болно гэдгээ мэдэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа шоронд орж, хамтдаа эрх чөлөөнийхөө төлөө зогсох болно.
23 Энэ бол Бурханы бүх хүүхдүүд “Эх орон минь, таныг магтъя. Эрх чөлөөний гайхам сайхан орон. Таны тухай би дуулна. Эцэг дээдэс минь амьдралаа элээсэн, анхны цагаачдын бахархал, уул бүрээс нь эрх чөлөө эгшиглэг” гэсэн дууг шинэ утгаар дуулах өдөр юм. Хэрвээ Америк улс агуу үндэстэн болъё гэвэл энэ үнэн болох ёстой.

24 Тиймээс Нью Хемпширийн толгодын оройноос эрх чөлөө эгшиглэг. Нью Йоркийн сүрлэг уулсаас эрх чөлөө эгшиглэг. Пенсильваний өндөрлөгөөс эрх чөлөө эгшиглэг!

25 Колорадогийн цаст хясаанаас эрх чөлөө эгшиглэг! Калифорний цавчим хавцлаас эрх чөлөө эгшиглэг.

26 Үүгээр ч зогсохгүй Жоржийн чулуурхаг уулнаас эрх чөлөө эгшиглэг.

27 Теннисигийн соргог уулсаас эрх чөлөө эгшиглэг.

28 Миссисиппийн дов толгодоос эрх чөлөө эгшиглэг. Уулын бэл бүрээс эрх чөлөө эгшиглэг.

29 Энэ бүхэн болвол, хэрвээ бид эрх чөлөөг ийнхүү эгшиглүүлвэл, гацаа тосгон бүрээс, муж хот бүрээс эрх чөлөөг эгшиглүүлвэл хар цагаан, еврей харь үндэстэн, протестант католик ялгаагүй Бурханы бүх хүүхдүүд гар гараасаа барилцан, хуучны хар арьст боолуудын залбирал болсон “Эцсийн эцэст эрх чөлөөтэй боллоо. Агуу хүчит Бурхан Тандаа талархая, эцсийн эцэст эрх чөлөөтэй боллоо” гэсэн үгийг түрэн дуулах тэр өдрийг улам наашлуулах болно.


“Би мөрөөдөж байна” илтгэл 1963 оны 8 сарын 28


No comments: