Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

Thursday, October 22, 2009

Түүхийн гайхалтай давхцал


Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргvй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгvй, санамсаргvй зvйл байдаггvй аж. Бvх vйл явдал ямар нэг Дээд Хvчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогvйгээр төсөөлшгvй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргvvлгээр авирч буй хvн төрөлхтөнд тайлагдашгvй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.



1838 онд Америкийн зохиолч Эдгар По "Артур Годон Пимын адал явдлын тухай тууж" хэмээх зохиолоо гуурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сvйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг. Тод өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хvний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сvйрэв. Дөрвөн хvн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Тvvнийг Ричард Паркер гэдэг байв. Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогvй хvн байхгvй биз. Тvvнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны "Хоосон" роман "Мэнсфилд" хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн vед хэн ч тvvний номыг сонирхсонгvй. Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгvй өгvvлжээ: Онгоцны урт 243м, усан тvрц 70000 тонн, хөдөлгvvр нь 50000 морины хvчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин тvvнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хvчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй.

"Титаник" дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгvй, vнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бvх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын vед аврах завь хvрэлцсэнгvй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик vзлийн vvднээс vvнийг тайлбарлах vнэхээр боломжгvй. Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.

Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол
Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул өмнөд нутгийнх. Хоёул Ардчилсан иамынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмна сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрvv 100 жил. Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гvйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гvйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ.

Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрvvтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мөн төрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик.
Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагvй.

Ýõ ñóðâàëæ: www.banjig.net

Friday, October 9, 2009

Чингисийн хөвгүүд, жанжидын аян дайн


Бат, Сvбээдэй нарын аян дайн

Бат, Сvбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагvй, 60 мянгаас ихгvй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гvрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хvн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгvvр ердөө юунд ч торолгvйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгvйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хvчийг устгасан гэдэг.

Энэ цаг vед Европын улсууд эсэргvvцэн байлдах чадваргvй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангvй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил vе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хvртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хvртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч vзээгvй, жирэмсэн эмийн шээх газраас холдож vзээгvй балчирууд шиг санагдах нь аргагvй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хvчирхэг гvрний хаан болсон Гvюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрvvлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагvй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрvvлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны vзvvр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгvvд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын тvмтийн ноёноос дээших бvх ноёд ихсийн хvvхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг тvvхэнд “Хан хөвгvvдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Энэ vед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бvрдээ ялж байлаа. Орос болон Дорнод Европт орсон Бат, Сvвээдэй нарын цөмрөлтийг vе vеийн цэрэг дайны тvvхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим тvvхчид энэхvv довтолгооныг хvний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгvй юм. Тэр vед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гvржид нийт 5 сая орчим хvн оршин амьдарч байжээ.

Зэв Сvбээдэй нарын гайхамшигт аян дайн

Энэ бол одоо болтол бvх л vеийн цэрэг дайны тvvхэнд гарч байгаагvй асар том бөгөөд итгэхийн аргагvй аян байсан гэж цэргийн тvvхчид санал нэгдэн дуу алддаг ажээ. Энэ гайхалтай аян дайны талаар та бvхэнд хvргэж байна. Чухамхvv энэхvv сэтгэлд багтмааргvй аян л Ертөнцийг байлдан дагуулагчын өөрийн хийж хэрэгжvvлсэн олон аян дайнаас илvvтэйгээр Монголын морьт цэргvvд хаана ч хvрч очдог хэзээ ч ялагдашгvй байдаг тухай vлгэр домог мэт санаа бодол, хэл яриа vvсэхэд нөлөөлжээ.

Зэв, Сvбээдэй нар 20000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргvvцэл vзvvлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сvбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хvрэн асар их хvчирхэгжээд байсан Христосын шашинт Гvрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гvржийн хvлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгvй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гvржvvдийг хиартал цохижээ.

Ийнхvv Зэв, Сvбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хvссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн vл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80000 гаран хvнтэй Оросын арми 20000 хvрэхгvй хvнтэй Монголын арми тулалдсан энэ тvvхт тулалдааныг Оросын цэргийн тvvхчид хар дарсан гутамшигт жилvvдийн эхлэл байсан гэж vздэг.

Энэ тулалдаан Монголчуудын бvрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бvгд олзлогдон алагджээ. Ийнхvv энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сvбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн тvvхэнд байж боломгvй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сvбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелvvлсэн юм. 20000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн тvvхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж vздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хvчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа.

Гvржvvдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гvржийн 200000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хvчин туслаж байсан байх хэмээн аргаа баран vстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хvчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зvйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр тvvний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бvхий л vйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн тvvхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.

Тэгвэл одоо Монголчуудын Генийн ээлжит идэвхжил одоо нэгэнд эхэлжээ. 1206 онд болсон Генийг идэвхжил дэлхийн тvvхэнд юу авчирсаныг тvvх мартаагvй тэгвэл одоо ирж буй Монголчуудын Генийн ээлжит идэвхжил дэлхийд яаж нөлөөлөхийг таах аргагvй. Тиймээ одоо болж буй бvхий л vйл явц vvнийг батлана. Монголын улс төрийн vйл явц нэгдэх зам руугаа явж байна. Монголын Сумочид хvч чадлаа гайхуулж байна. Хvvхэд залуус дэлхийн математикийн уралдаан тэмцээнvvдээс шагналыг нь тvvж байна. Мөн одооны хvvхдvvд маш өсгөлvvн том биетэй маш их сэргэлэн цовоо байгааг хvн болгон л яриж байна. Энэ бvхэн нэг л юм хэлээд байна Монголчуудаа бидэнд ирдэг тэр их энерги хvчний давтамж танд мэдрэгдэж байгаа гэж найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг тэтгэх болтугай.

Цагаадай хааны аян дайн

Эцэг хаан Чингисийнхээ vйлсэд vнэнч шударга зvтгэж ирсэн хоёрдахь хөвгvvн Цагаадай бол Их Монголын тvvхнээ тодрон гарсан Их Монгол улсын цадигийг бахархалтайгаар бvтээсэн шударга, зоригтой эрэлхэг жанжин юм.

1211 онд Зvрчидтэй байлдахад Зvчи, Өгэдэй нарынхаа хамт баруун жигvvрийн цэргийг захирч явснаар Цагаадайн аян дайны vе эхэлсэн бvлгээ. 1219 онд Хорезмийг дайлж Отрар хотыг эзлэв. Энэ байлдаанд ахмад хvv Муутогоон нь амь алдсан мэдээг Чингис хаан Цагаадайд дуулгасан бөгөөд Цагаадай тvvнийг сонсоод эцгийн дэргэд гашуудал гаргалгvй, гадагш гаран уй гашуудлаа чинээгээрээ тайлсан нь тvvхнээ тэмдэглэгдэн vлджээ. Цагаадайн хvv нь алагдсан тул ихэд гашуудан цэргээ удирдах чадваргvй болсон тул хатан Хутугай Бэхи нь хааны хар сvлдийг авч гурвантай эргvvлэн даллаж, эрдэнэсийн алтан илдийг нь өргөж, буган халиун морийг нь хvлэглээд, 20 тvмэн цэргийг нь удирдаж, цайзыг цөм цохин орж амьд бvхнийг хvйс тэмтрэн устгаж байжээ. Хутугай бэх цайзнаас алгуурхан гарч ирэхэд илднийх нь vзvvрээс цус дуслан байсан тухай тvvхэнд тэмдэглэн vлдээсэн байдаг. Чин зоригт хатан ийнхvv хvvгийнхээ өшөөг авсан ажгуу. Yvнээс vзэхvл Цагаадай хатан зориг тэвчээртэй, бас ч догшин зан авиртай нэгэн байжээ. Дvv Өгэдэйдээ их л дотно байдаг гэх бөгөөд олон дайнд мөр зэрэгцэн тулалдаж ялж явсан. Тvvний нэг жишээ болох Багдад улсын аян дайныг дуусгаад Алтан хааныг эзлэхээр цэрэг удирдан явжээ. Ханлин, Кинчак, Багижид, Орос, Асу, Сасу, Кэшимер, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хvртэл Ижил Янк мөрнvvдийг гэтлvvлэн Хэрмэн, Кэйбэ, Мэкэтмэн зэрэг хотыг эзлvvлэхээр явуулахдаа эсэргvvцэл vлэмж гэх мэдээг аваад Сvвээдэйн араас Бат, Мөнх, Бvри, Гvюг зэрэг хаан төрийн ахмад хөвvvдийг мордуулах саналыг Цагаадай гаргасан нь Их Монголын аян дайныг улам ч хvчирхэг агаад амжилттай болгоход ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэж тvvхчид vздэг.

1236 онд Өгэдэй ханы төрөөс Цагаадайд Дундад орны 47330 өрхийг дараа нь Шэн Жvгийн тvмэн өрхийг өгсөн гэдэг. Ийнхvv Цагаадайн харьяат улс нутаг нь Хар Кидяны хуучин нутаг ба баруун Уйгарын нутаг болов. Цагаадайн хаант улс нь Зvvн тийшээ Иль голыг хvрч, баруун зvг Сырдарья мөрний эхээс чанагш гарч, өмнө зvгт Аму мөрөн хvрч, умар зvг Чvй мөрний саваар Сибирьт тулан маш өргөн уудам нутгийг эзэлж байсан Их Монголын нэгэн хvчирхэг том гvрэн байлаа. Цагаадайн аян дайны дотроос Отрар хотын төлөөх тулаан нэлээд ширvvхэн бас өвөрмөц болжээ. Отрарын хоёр хан нь, 50 шадар бараа бологсдоо дагуулан ордон дотроо бэхлэн тулалджээ. Отрарынхан эр эм, хөгшин залуугvй байлдаж , гэр байшингаа нураан, ваар тоосго авч , хvрээ хашаагаа задлан эвдэж, мод чулуугаар эрс шийдмэг эсэргvvцсэн ч сар шахмын дараа хvчин дутаж эзлэгдсэн гэдэг. Энэ тулааны дараа хоёр ханыг баривчлан Чингис хаантай нийлэхээр Самаркандад ирэв. 450 худалдаачныг нь vгvй хийсэн Отрарын тэр хоёр ханыг Чингис хаан аманд нь алт цутган цаазалсан билээ. 1221 оны намар Өгэдэй ,Зvчи, Цагаадай гурав Амударьяа мөрнийг гэтэлж Өргэнчи хотыг хэдэн сар байлдан эзлээд эцэгтээ нийлэв. Цагаадай бол хаан эцэгтээ машид vнэнч, дайчин догшин хvн байсан гэдэг . Тэгээд :

"Хаан эцэгтээ
Хавсарч хvчээ өгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе
Салж саатан этгээдийг
Салбартал цавчиж байя" гэж андгайлжээ.

Yvндээ ч хvрч Цагаадай хан хэмээх их улсаа өргөтгөн төвшитгөж чадсан болой. 1183 оны харагчин туулай жил төрсөн, Чингис хааны хоёр дахь хөвгvvн Цагаадайн байгуулсан улсын хаад нь Цагаадайн, Алха хан, Бал хан, Төмөр хан / Доголон Төмөр ч гэдэг/, Yлэг-бэх хан эдгээр болой. Их Монгол улсын хаант улсуудын дотроос Цагаадайн нутаг дэвсгэр хийгээд хvч чадлаараа нэлээд дээгvvр ордог, цадиг тvvх, нэр алдар ихтэй улс байжээ.
Чингис хаан нас барахынхаа өмнө:

"Тvмэн vйлс дор vзvvр vгvй
Төрсөн бие дор мөнх vгvй
Төр улс ч ээлж халмой" гэжээ.

Wednesday, October 7, 2009

Ховсдогч, далдыг харагч, жүжигчин

Профессор Вольф Григорьевич Мессинг


Вольф Мессингийн амьдрал хүн төрөлхтөний түүхэнд хамгийн түгшүүртэй оньсогын нэг болж үлдсэн. Үйл явдлыг минут, цаг, сар, жил, 10, 20 жилээр нь маш нарийн урьдчилан хэлдэг гоц үзэгдлийг тайлбарлах, Мессинг яаж хүмүүсийн бодлыг уншиж байсныг ойлгох, түүний тархи ямар гоц мэдрэмжтэй байсны учрыг олох чадвар орчин үеийн шинжлэх ухаанд байхгүй.

Орчлон ертөнцийн талаарх бидний төсөөлөл олон талаар алдаатай гэдэг нь тодорхой нэгэн зүйл юм. “Та миний бодлыг яаж уншиж байна вэ?” гэж Мессингээс асуувал тэр их л доогтойгоор: нөхөөр, харах нүдтэй та өөрийгөө хараагүй хүмүүсийн улсад байна гээд төсөөлдөө. Гараараа барьж мэдрэхгүйгээр юмсыг яаж та хардаг юм бэ? гэж хараагүй хүмүүсийг асуувал,… би зүгээр л харж байна гэж хариулах байх. “Харж байна” гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж хараагүйчүүд эргээд асууна шүү дээ гэж билээ.

Вольф Мессинг 1899 оны есдүгээр сарын 10-нд Орост, нарийн ярьвал тэр үеийн хаант улсын нутаг дэвсгэрт, Варшавын ойролцоо еврейн Гура-Калевария гэдэг газар олон хүүхэдтэй айлд төржээ. Ядуу зүдүү хүмүүсийн дунд бүдүүлэг орчинд өсч, эцэг нь цэцэрлэг түрээсэлж, тэндээ гэр бүлээрээ өглөөнөөс орой болтол бөгтгөнөдөг байв. Эцэг нь хайрлаж энхрийлдэггүй Вольф хүү зүүдэлдэг өвчтэй байсан бөгөөд эхийнх нь хайрлах сэтгэл л түүнийг алганы амт үзэхээс хаяа авардаг байсан гэдэг. Эцэг нь Вольфыг хайр найргүй зоддог байжээ.

Еврей сүмийн дэргэдэх Хедер гэдэг дунд сургуулийг онц төгссөн хүүг шашны сургуульд /иешибот/ өгөхийг лам багш нь тушаасан боловч Вольф лам болохыг хүсээгүй аж. Тэгтэл түүнийг ёстой нэг айлгажээ: шашны сургуулиас гэр рүү нь их өндөр, цагаан хувцастай хүн илгээсэн нь хүүг орой гэгээ тасрахад отож байгаад иешибот руу яв! гэж хашгирчээ. Вольф ухаан алдаж унаад …тэгээд тэр сургуульд явах болов.

Ямар ч байсан нэг удаа Вольц нөгөө сургуулиасаа оргож, Варшав хүрэх галт тэргэнд тасалбаргүй сууж, нуугджээ.

Тасалбар шалгагч туулайг амархан оллоо. Тэгэхлээр нь айсандаа хүү шалан дээр хэвтэж байсан халтар цаасны тасархайг шүүрч аваад: энэ тасалбар! гээд сарвайхад шалгагч жинхэнэ тасалбар аятай нөгөө цаасыг цоолж өгөөд, гайхсан янзтай: залуу чи, суудал байсаар байтал сандал дор хэвтэж байдаг чинь юу билээ гэв.

Тийнхүү Мессинг хүмүүсийг удирдаж чадахаа мэджээ. Европт ховсдогч хийж, нэлээд нэр хүндтэй болсон Мессинг удахгүй дэлхийн хоёрдугаар дайн болохыг сайн мэдэж байсан учраас олны өмнө, тайзнаас Гитлерт хандаж, амиа ч алдаж, Герман улс ялагдах учир ЗХУ-ын эсрэг дайн дэгдээхгүй байхыг анхааруулж байв.

Мессингийн хэлсэн үгийг Польшийн сонинууд нийтэлдэг байжээ. Германы арми Польш руу халдан довтлоход Гитлер зөнчийг баривчлахыг тушаасан байна. Зөнчийн толгойг асар өндөр буюу 200 мянган маркаар үнэлэхээ амлаж байв. Мессингийн зургийг зарлалын самбар бүрт наажээ. Тэгтэл нэг удаа эзлэгдсэн Варшавт Германы нэг офицер сагсайсан үсээр нь Мессингийг таниад, нударганы амт үзүүлэв. “Муу нохой! Фюрер үхнэ гэж чи хэлсэн үү!” гэхэд гэнэтийн явдлаас болоод сандарсан Мессинг цусаа асгаруулан байж офицерыг ятгаж чадсанаар гестапод бус, цагдаагийн хэсэгт очжээ.

Офицер үгэнд нь орж, Мессинг цагдаагийн хэсэгт очив. Вольф амь нас нь үхлийн ирмэгт очсоныг ойлгожээ. Цагдаагийн газар харуулын цэргүүд л үлддэг шөнийг хүлээж байгаад Мессинг их хүч гаргаж байж харуулд гарсан бүх цагдааг өрөөндөө цуглуулсан байна. Зургаан хүн чимээгүй хана дагуу зогсчээ. Мессинг үхсэн хүний дүрээр ханзнаасаа босч харгалзагчаас түлхүүр аваад, түргэхэн гарч “олзлогдогсдыг” камерт нь цоожилжээ.

Энэ явдал 1939 оны намар болсон юм. Өөрт нь ямар аймшигтай болохыг мэдэж байсан ч ЗХУ руу, Сталин руу зугатахаар Мессинг тэр өдөр шийджээ.

Тэр Зөвлөлтийн хилийг яаж давж, Москвад яаж эсэн мэнд очсон талаар мэдээлэл бараг байдаггүй. Энэ талаар Мессинг өөрийн дурсамждаа хагас битүү утгаар дурдсан байдаг. Хэдийгээр явахаар санаа шулуудсан байсан ч Сталинтай уулзах нь Вольфын хувьд ч том даваа байсан юм. Учир нь Сталин шууд ятгалгад орчихдоггүй байсан бөгөөд Мессинг уулзалт хэрхэн төгсөхийг мэдэхгүй байлаа.

Сталины тавих эхний асуултыг Мессинг өөрийг нь Кремль рүү машинаар авч явж байхад урьдчилан мэдэв: Сталин өөрийгөө хэзээ үхэхийг Мессингээс асуух гэж байлаа. Мессинг хариуг мэдэж байсан ч энэ асуултад нь хариулахгүй гэдгээ удирдагчид шуудхан хэлээд, хэзээ ч, хэнд ч, ямар ч нөхцөлд энэ тухай хэлэхгүй гэж Сталинд андгайлсан байна. Хирдхийн цочсон удирдагч Мессингт итгэхээс өөр арга байгаагүй юм.

Берия зөнчийн чадавхийг хэд хэдэн удаа сорьсон байна. Жишээлбэл, тусгай хамгаалалттай байшин руу нэвтрэх үнэмлэхгүй орж, банкнаас хоосон цаасаар 100 мянган рубль авахыг тушаасныг Мессинг хялбархан биелүүлжээ. Тэгээд нэг юм Мессинг Бериягаас салж, тайзан дээрээс бодол унших үзүүлбэр хийж мөнгө олох зөвшөөрөл авсан байна.

Дайн эхлээд 10 хонож байхад Сталин Мессингийг Улс төрийн товчооны хуралд дуудав. Юу гуйхыг нь Мессинг мэдэж байсан учраас үнэнийг хэлэх үү эсвэл худал хэлэх үү, бүр хариулж мэдэхгүй байна гэх үү гэж толгойгоо баахан гашилгажээ. Тэгээд ямар ч байсан хэлэхээр шийдсэн байна. Дайн үнэхээр аймшигтайгаар эхэлж байгааг хэлэлцэх хурал эхэлж, хүлээсэн мөч нь ирэхэд Сталин Мессингээс: “Нөхөр Мессинг фашистуудтай хийж буй дайн хэзээ дуусахыг намдаа хэл дээ. Илэн далангүй хэл. Айх явдалгүй” гэв.

Дайн 1945 оны тавдугаар сард дуусна, ЗСБНХУ ялна гэж Мессинг хариулжээ. Хариу удирдагчийг цочиход хүргэв. Улс орноо тамир тэнхээ шавхсан хамгаалалт руу яаж эргүүлэх, дөрвөн жилийн дайнд олон сая хүний амь өргөхөд хүрэхийг хэрхэн хүлээж авахаа Сталин мэдэхгүй байв. Берия хамгийн түрүүнд босон харайж: Худалч! Бид эрт ялалт байгуулна, нохой минь! гэж хашгичжээ. Харин Сталин түүнийг болиулж: баярлалаа, нөхөр Мессинг та явж болно гэжээ.

1945 оны тавдугаар сарын 9-нд Мессинг хамтран ажилласанд талархсан Засгийн газрын цахилгаан мэдээг авсан байна.

Энэ баримтад Мессинг ЗХУ-д байсан тухай өөр нэлээд хэдэн ховор мэдээлэл нэмж болох юм. Ер нь бол түүний амьдрал өнөөг хүртэл нууцлагдмал байдаг. Цуу ярианаас үзвэл, дайны жилүүдэд тэр сөрөх тагнуулын газрын дэргэдэх цэргийн тагнуулын салбартай хамтран ажиллаж, баривчлагдсан хүмүүсийн бодлыг уншингаа, энэ үнэн хэлж байна, харин энэ гэмгүй хүн баривчилчихаж, эсвэл энэ хүн худлаа ярьж байна, Германы тагнуул байна гэхчилэн хэлэхэд түүнээс өөр зүйл шаарддаггүй байжээ. Тэр үед хэрэг нь илчлэгдсэн нэгнийг шууд буудаж байв.

Өөр нэг домогт Мессингийг мэдрэлд нөлөөлдөг зэвсэг бүтээхэд оролцсон гэдэг. Магадгүй үүнийг шалгах хэрэгтэй байх, учир нь тэр өөрийнх нь чадавхийг судалж, хүн бүр бодол санааг уншиж чаддаг болоосой хэмээн мөрөөддөг байжээ.

Ийм ер бусын чадвартай байсан Вольф Григорьевич заримдаа хүүхэд шиг гэнэн байсан бөгөөд мөрөөдөл нь биелвэл хүн төрөлхтөний амьдрал там болохыг ойлгодоггүй байв. Бодол санаа, мэдрэмжийн нууц нь амьтай бүхний амин сүнс нь юм. Харин түүний Европт өнгөрүүлсэн амьдрал нууц хөшгөөр халхлагдаагүй байна.

Хамгийн сонирхолтой түүхээс гэвэл жишээ нь, Мессинг хулгайлагдсан, гоёлын алмазан зүүг гүн Чарторыйскийгийнхээс олсон тухай дурсаж болох юм. Гүн удам дамжиж ирсэн эдлэлээ хайж ядаад Мессинг рүү өөрийн онгоцоо илгээж байсан гэдэг. Краковын ойролцоо байдаг гүнгийн эдлэнд онгоцоор ирээд Мессинг цамхагт байсан бүх хүнийг, үйлчлэгч нараас эхлээд гүнгийн гэр бүлийнхнийг хүртэл гарч ирэхийг хүсчээ. Тэр өөрийгөө зураач гэв. Түүний өмнө 45 хүн гарч ирэв. Тэдний хэн нь ч үнэт эдлэлийг хулгайлаагүй. Ердөө ганцхан хүний бодлыг л уншиж болохгүй байж. Тэр нь цайзын захирагчийн оюуны хомсдолтой хүү байв. Түүний тархинд нэвтэршгүй хөшиг татаастай байжээ. Гүн ядарсан нэгнийг хайрладаг байсан учир хүүд амар тайван байх боломж олгодог байж. Энэ хүү санаандгүй хулгай хийсэн байж болох юм гэж Мессинг бодсон байх.

Тэгээд занга тавьж - гинжтэй алтан цагаа олны нүдэн дээр эргүүлж байгаад ширээн дээр орхиод, заалнаас хурдхан гараад хаалганы завсраар харж зогсов. Юу болсон гээч! Хүү шууд л цагийг аваад, нүднийхээ өмнө савалж байгаад буланд байсан том баавгайн чихмэл рүү гүйж очоод сармагчин шиг дээш авирч, олзоо чихмэлийн онгорхой руу шидчихэв.

Мессинг чихмэлийн хоолойг нээлгэхэд шалан дээр нөгөө хүүгийн цуглуулсан янз бүрийн зүйл, бүр нөгөө алдсан гээд байсан алмазан хатгуур зүү гараад иржээ. Вольф шагналаас татгалзаж, харин гүнгээс хотын захад байгаа еврейчүүдийн амьдралын нэлээд хэдэн асуудлыг шийдэж өгөхийг л хүссэн байна.

Амьдралдаа зөвхөн ганц л удаа Мессинг хариу цохилтод орсон нь энэ аж. Дуу шуугүй, оюуны хомсдолтой хүүгийн тархи зөнчийн дайралтад автсангүй.

Ойр дотныхондоо Мессинг зөнч байх ямар хэцүү, хайртай эхнэрийгээ хорвоогоос хэзээ халих өдөр, цагийг мэдэж байх ямар аймаар болох талаар, өөрийгөө хэзээ үхэхийг мэдэхгүй байх, эх, эцэг, дөрвөн ахаа Варшавын геттод үхэхийг харахгүй байх ямар аз жаргал болох талаар нэг ч удаа ярьж байгаагүй... Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр уйтгар гуниг, шаналалд автсан байжээ.

Сүүлчийн удаа гэрээсээ гарахдаа тэр гэнэт түлхүүрээ өөрийн концертын найруулагчид өгчээ. Нөгөөх нь гайхаж, яагаад гэж асуухад: “Вольф Мессинг дахин энд ирэхгүй” гэж Мессинг хэлсэн байна. Өөрт нь хийсэн мэс заслыг /амжилттай болсон/ тэр элэглэл мэт үзэж байсан бөгөөд тасагт шилжээд удалгүй нас баржээ.