Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуугийн судалгааны материалыг та бүхэндээ хүргэж байна.
ДНБ-ий бодит өсөлт ба эдийн засгийн хямралын тодорхойлолт
Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2009 оны эхний хагас жилийн байдлаар сөрөг үзүүлэлттэй буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар буурсан байна. Үүнд аж үйлдвэрийн боловсруулах дэд салбар мөн түүнчлэн барилгын салбарын уналт нөлөөлжээ.
Хэдий Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг тодотголтой гарсан ч уналтын хурд нь 2009 оны эхний улиралтай (-4.5%) харьцуулахад эрс саарсан байна. 3-р улиралд ДНБ-ий бодит өсөлт ямар байх нь сонирхол татаж байна. Хэрэв дахин буурсан үзүүлэлттэй гарвал Монгол Улс “албан ёсоор” хямралд орлоо гэж хэлэх үндэстэй. Учир нь макро эдийн засагчид ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг үзүүлэлттэй гарвал хямрал гэж үздэг жишиг байдаг. Дашрамд дурьдахад, Монгол Улсад “эдийн засгийн хямрал” гэж юуг хэлэх тухай албан ёсны тодорхойлолт байхгүй болно.
Инфляци огцом буурсаар. Сайн уу? Муу юу?
Инфляци (ХҮИ, жилээр тооцсон) 5%-д хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеийн 32%-тай харьцуулахад “өндөр амжилт” юм. Шалтгаан нь нэг талаас Монголбанкны хатуу мөнгөний бодлого (зээл болон мөнгөний нийлүүлэлтийг хумьсан) нөгөө талаас эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар багасч буй, мөн зуны улирлын нөлөө байх боломжтой. Учир нь инфляцийг тооцдог барааны сагсны багагүй хэсэг нь мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн байдаг бөгөөд эдгээр нь зун цагт хямдардаг. Инфляци огцом буурч байгаа нь сайн хэрэг. Хадгаламжийн бодит хүү эерэг болно. Жишээ нь хатагтай А. хэдэн цаасаа аль нэг банкинд жилийн 18%-ийн хүүгээр хадгалуулчихсан байтал инфляци 28%-д хүрч гэж үзье. Энэ тохиолдолд тэрээр хүүгийн ашгаа алдахаас гадна хадгалуулсан мөнгөн дүнгийн худалдан авах чадвар 10%-иар унасан байх болно. Инфляци буурсны өөр нэг сайн тал нь урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгддэг. Учир нь хөрөнгө оруулагчид ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын бодит үнэ цэнийг илүү нарийн тодорхойлно.
Гэвч инфляци огцом буурч буйн цаана зарим нэг сөрөг үзэгдэл байна. Үүнд бэлэн мөнгөний хомсдол үүсч байж болох юм. Статистикийн мэдээнээс үзэхэд нийт мөнгөний хэмжээ (М2) болон гүйлгээнд байгаа бэлэн мөнгө (банкнаас гадуурхи) өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Нөгөө талаас ажилгүйдэл, ядуурал өсч, иргэдийн худалдан авах чадвар доройтож, худалдааны эргэлт удааширч зогсонги байдалд орж байгаа байдал энэхүү үнийн түвшний уналтын цаана нуугдаж байх боломжтой.
Хосолмол алдагдал – удаан үргэлжилбэл нэр хүндийн эрсдэл
2009 оны 7-р сарын байдлаар улсын нэгдсэн төсөв болон гадаад худалдаа (түүнчлэн төлбөрийн баланс) тус бүрдээ алдагдалтай гарлаа. Тус хоёр алдагдалын нийлбэр нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 8-10% тай тэнцэхээр байна. Тус хоёр алдагдал хосолж илрэх нь туйлын арчаагүй айлын шинж юм. Олсноосоо илүү ихийг үрдэг, бусадтай алдагдалтай наймаа хийдэг өрх гэсэн үг. Ийм айл өрхтэй хэн ч тоож бизнес хийхгүй. Буян санасан хөгжлийн (донор) байгууллагууд л тусалж магад. Цаашид “хос тэнцвэр”-ийн бодлогыг барих нь чухал. Өөрөөр хэлбэл алдагдалгүй төсөв, алдагдалгүй гадаад худалдааны бодлогыг баримталж чадвал Монгол Улс гэнэт үсрэнгүй хөгждөггүй юм аа гэхэд инфляци болон гадаад валютын ханшны огцом хэлбэлзэлд дарлуулаад байхгүй болно. Ядаж л гаднаас хөрөнгө оруулалт татах маш том хөшүүрэг болно. Учир нь макро эдийн засгийн эрүүл бүтэц гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж хүлээх гол шалгуур гэж үздэг.
Гадаад орнуудад байдал ямар байна вэ? Дэлхийн эдийн засаг хямарч дууссан уу?
Сүүлийн үед дэлхийн зарим нэртэй эрдэмтэд, мөн том гүрнүүдийн бодлого боловсруулагч нар хямралын хамгийн хүнд үе ард хоцорлоо гэж зарлах боллоо. Харин цаашид? Эрдэмтэд хоёр хуваагдаж байна. Эхнийх нь 1997 оны Азийн хямралын дараах шиг огцом өсөлт ирнэ гэх. Нөгөө хэсэг нь өсөлт ирэх нь ирнэ. Гэхдээ маш удаан буюу 2009 оны сүүлийн хагаст уналт зогсож, 2010 оноос тогтворжиж, харин 2011 оноос алгуур сэргэнэ гэх.
Ер нь юу болоод өнгөрчихөв өө?
1930-аад оны дэлхийн их хямралыг санагдуулсан, сүүлийн 70, 80 жилд үзэгдээгүй дэлхийн санхүү, эдийн засгийн донсолгооны шалтгаан юу байв? Хямралын нэг буруутнаар АНУ тодорч байна. Төлбөрийн чадвар дорой, бага орлоготой сонгогч нарт зориулсан популист бодлого (Клинтоны орон сууцжуулалтын хөтөлбөр, Төв Банкны ерөнхийлөгч асан Грийнспаны хямд мөнгөний бодлого) яван явсаар банкуудын “шуналыг хөдөлгөж”, улмаар эрсдлээс хамгаалдаг биш харин эрсдлийг халхалдаг даатгалын бүтээгдэхүүнтэй холилдон суб-прайм мортгейж (ядууст зориулсан орон сууцны зээл)-ийн хямралыг үүсгэв.
АНУ-д мортгейжийн зах зээл эхэлж өвчилөв. Дотоодын үйлдвэрүүд нь өрсөлдөх чадвараа алдаж эхэлсний улмаас гадаад худалдааны өндөр алдагдалд орсон, ажилгүйдэл өсч эхэлсэн, мөн орон сууцны зах зээлд үнийн хөөсрөл үүссэн гэх зэрэг шалтгааны улмаас ядуу иргэд зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Мөн тухайн үеийн хямд хүү, сул мөнгийг ашиглан “гангарааны” зорилгоор хоёр дах, гурав дах байраа аваад байсан зээлдэгч нар зээлээ шууд хаяв. Мортгейжийн банкууд сандралдан барьцааны байруудаа зарж эхэлснээр байрны үнэ унаж эхэлсэн байна. Орон сууцны зах зээлийн тогтворгүй байдал мөнгөө зээл болгож гаргаад оронд нь хэдэн барьцааны байртай хоцорсон банкуудыг хөлдөө чирч эхэлжээ. Банкууд эрсдэлд орсон зээлийн төлбөрөө даатгалын компаниудаас нэхэх нь зүйн хэрэг. Ингээд даатгалын компаниуд дампуурч эхлэв. Даатгалын компаниудад хөрөнгө байршуулсан банкууд мөнгөөр дутагдаж эхлэв. Энэ чөтгөрийн тойрог зөвхөн АНУ-аар тогтсонгүй. Англи, Герман болон Японы хөрөнгө оруулагчид (банк, сангууд) АНУ-дах хөрөнгө оруулалтаасаа болж өндөр алдагдал хүлээх болсон байна. АНУ-аас халдвар авсан бусад тивийн банкууд бэлэн мөнгөний хомсдолд орсноор тэдэнд мөнгө байршуулаад байсан өөр бусад эрүүл банкуудын мөнгө гацаанд оров. Банкууд бие биендээ итгэж мөнгө зээлэхээ больсон тул банк хоорондын зах зээл хөлдөж эхэлжээ.
Жишээ авахад, Европын олон орноос өндөр хүү амлах замаар асар их хадгаламж татсан Исланд улсын 3 том банк нь “хэт шунан” АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт (мортгейжтэй холбоотой өндөр хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авсан) хийсэн байв. Эдгээр банкууд дампуурч, улмаар төрийн мэдэлд очсоноор тус улсын татвар төлөгчид их хэмжээний өрийг гэнэтийн бэлгэнд авлаа. Ер нь Исланд улс дампуурлын түвшинд очоод байсан гэж үзэж болно. Учир нь банкуудын хөрөнгө (мөн үүнд шинэ өр) нь ДНБ-ийх нь хэмжээнээс хэт хол даваад гарчихсан аж.
Хямралыг цурманд оруулсан арга зам
Өрнөдийн орнуудын засаг захиргаа шинэ мөнгө хэвлэж эдийн засагтаа цутгах замаар царцаад байсан банкны секторыг амилуулж чадлаа. Түүнчлэн бодит секторыг дэмжих, худалдан авалтыг урамшуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг байж болох бүх арга хэмжээг авсаны үр дүнд 1930-иад оны 10 орчим жил үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн их хямралтай адил бүр хүнд байдал руу арай оруулалгүйгээр тогтоон барьж чадлаа.
Юу өөрчилөгдсөн бэ?
Энэ хямрал хүн төрөлхтөнд юу ойлгуулав? Юуг өөрчилөв? Бодит баялаг үйлдвэрлэдэггүй банк, санхүүгийн сектороос өндөр ашгийг байнга олно гэж бүү горьд гэсэн энгийн үнэнг дахин ойлгуулав. Банк санхүүгийн сектор бол эдийн засгийн (мөнгөний) цусны эргэлтийг л хангана. Гол үүрэг нь тэр. Тэд баялагийг шууд бий болгодоггүй юм. Банкны салбар ашигтай ажиллах нь түүнд хөрөнгө оруул гэсэн дохио байх албагүй. Тухайн банк харин аль салбарт үйлчилж байна гэдгийг нь анхаарах нь чухал. Иймд дэлхий нийтээр банкуудыг хэнд зээл өгөөд байна гэдгийг нь ил тод байлгах талаар их ярьж байна.
Мөнгө, капитал бол байнга эргэлтэнд орж ашиг олж байх ёстой. Гэтэл одоогийн уламжлалт зах зээлүүдийн эрэлт ханаж байна. Хүн хоёр малгай зэрэг өмсөхгүй. Дэлхийн баян орнуудын худалдан авагчид цоо шинэ нэмэлт эрэлтийг бий болгоно гэдэг худлаа боллоо. Илүүдэл капитал (мөнгө, мэдлэг, үйлдвэрлэх чадвар) үүсээд байдаг. Иймд дэлхийн ядуу хэсэг баяжих ёстой. Тэд шинэ худалдан авагч болж байж дэлхийн капиталыг урт хугацаанд амилуулж чадна. Энгийн жишээ Африкт 2 сая хүнтэй нэгэн ядуу улс байг. Тэд юу ч худалдаж авахгүй байвал дэлхий нийтэд ашиггүй. Жижигхэн Монгол гэтэл хирэндээ таарсан хэдэн хуучин машин Солнгос, Японоос зөөснөөр дэлхийн худалдаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа юм.
Ногоон дэлхий. Экологийн ач холбогдолыг ойлгох, хүлээн зөвшөөрөх үйл явц энэ хямралаар дахин нэг шат ахиж чадав. Зүгээр нэг байгаль орчины асуудал талаасаа төдийгүй, капиталыг амилуулах бас нэгэн суваг гэдэг утгаараа. Учир нь байгаль орчинд ээлтэй технологи нь хөрөнгө, мөнгө их зарна. Гэхдээ өгөөж олж ирэх учиртай. Дэлхийн улс орнууд цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин, галт тэрэг, салхиний эрчим хүчний технологид зэгсэн хэмжээний мөнгө хаяад эхэллээ (БНХАУ ч мөн адил). Энэ салбар ирээдүйд өгөөж өгдөг салбар болох нь ээ гэдгийг өнөөдөр капитал (үүнд мэдлэг, чадвар, мөнгө, технологи) эзэмшигчид зөвхөн экологи бус хариг ашиг гэдэг өнцгөөс илүү мэдэрч эхэлж байна.
Улс төр ба эдийн засгийн философи.Улс төрийн популизм (Клинтон-Грийнспаны ядуу сонгогчдод хаяглагдсан мөнгө-санхүүгийн тэлэх бодлоготой адил)-ын зарим сөрөг нөлөө хямрал үүсэхэд багагүй нөлөөлөв. Гэхдээ энэ нь Пиар муу гэсэн үг биш. Хорыг хороор гэдэгчилэн Обама ч тэр, Хятадын Коммунист Нам ч тэр “өөдрөг үзэл”-ийг төрийн Пиарын хүчирэг машинаар дамжуулан түгээж байна. Үнэндээ Обамагийн засаг захиргаа (750 тэрбум доллар) болон ХКН (650 тэрбум доллар) зарласан хөтөлбөрийн мөнгөн дүн нийт хямралын цар хэмжээтэй харьцуулахад ялихгүй бага хэмжээ. Гэхдээ мөнгөн дүн чухал бус. Гол нь төр шаардлагатай арга хэмжээг даруй авч байна шүү гэдэг дохиог зах зээлд оролцогчид, капитал эзэмшигч нарт өгч буй нь чухал. Төрийн Пиар зөв ажиллаж чадвал зах зээлийг тайвшруулах, зоригжуулах нөлөөтэй. Өнөөдөр бүх банк, компани айгаад, бизнесээ хаагаад суугаад байвал бүгд улам хохирно. Энэ нийтийг хамарсан айдсыг үргээхэд төрийн мэдээллийн бодлого, арга хэмжээ (Пропоганда) хэрэгтэй.
Ирээдүйд улс төр судлаачид популизм, “пропоганда” (төрийн сурталчилгаа) хоёрыг хэрхэн ялгаж салгах талаар бодох, судлах, хийх ажил ихтэй байх нь ээ. Цаашид улс төрийн популизм улам бүр багасах байх. Өндөр хөгжилтэй улс орнуудын намууд ч сургамж авч буй биз. Хувийн банкууд ч тэр намуудын амлалтаас аль нь популизм, аль нь бодит боломж гэдэг дээр илүү няхуур ажиллах байх.
Эдийн засгийн хувьд нэг ёсзүйн асуудал гарч ирж байна. Банкууд ашигтай ажиллахаар татвар төлөгчидтэй хуваалцдаггүй. Гэтэл банкууд алдагдалтай ажиллахаар тэдэнд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь доллар цутгадаг нь ямар учиртай юм бэ? гэсэн асуулт гарч ирж буй юм (манайд ч гэсэн ХЗХ-дын алдагдалыг төсвөөс хаах нь зөв буруу гээд их маргасан даа). Энэ асуултыг тойрсон маргаан ойрын хэдэн жилдээ эдийн засагчид, онолчид, нийгмийн ухааны философичдын дунд үргэлжилнэ. Энэ маргааны явцад эдийн засгийн сэтгэлгээнд том өөрчлөлт (маргагчид өөрсдөө анзаарахгүй ч байж болох) гарах нь гарцаагүй.
Жижигхэн Монгол Улс. Өөрийгөө танин мэдэх цаг
Монгол Улс дэлхийн санхүү эдийн засгийн хямралд шууд нэрвэгдсэнгүй. Хямралын шууд бус нөлөөгөөр зэсийн үнэ унаж, хосолмол алдагдлыг үүсгэсэн нь манай эдийн засгийн эрүүл бус тогтолцоог л дахин нэг ил гарган, харуулж өглөө. Суурь өвчтэй хүн гам алдахаар дархлаа нь суларч өвчилдөг шиг л юм болж байна. Манайхтай адил байгалийн баялаг ихтэй, үзэсгэлэнт байгальтай Индонези улс харин хямралыг далимдуулж санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлж байгаа тухай олон улсын судлаачид бичиж байна. Төсөв-санхүүгийн сахилга бат, эрүүл эдийн засгийн төлөөх бодлогын ачаар хямралаар ажирсангүй. Гэтэл манайхан ингэж чадсангүй.
Монгол Улс жишээ нь 2007-2008 онуудад зөвхөн Эрдэнэтээс нэг тэрбум орчим ам долларын ашиг олсон гэдэг. Энэ мөнгөний ихэнхи хэсэг нь (ялангуяа 2006-2008) ЗГ-уудын сонгууль угтсан популист амлалтын үр дүнд инфляци болоод дууссан байж болох талтай.
Хэрэв энэ мөнгийг хадгалж байсан бол хямралыг ажрахгүй давж гарах байлаа. Санхүү, эдийн засгийн хүндрэлийн эсрэг төлөвлөгөөний 1.5 их наяд төгрөгийг бүрэн санхүүжүүлэх боломжтой байлаа. Эсвэл ядаж Эрдэнэтдээ байсан бол Эрдэнэт маань өдийд гадаадын уул уурхайн хэрдээ таарсан жижиг ордын лицензийг худалдаж авах боломж гарах байв. Яг Рио Тинто шиг нэг жижиг орны орд авах гэж хэлэлцээр хийгээд л, манай улс төрчид, дипломатч нар тэр улсад нь очиж дэмжлэг үзүүлээд л байх боломжтой байсан биз. Эрдэнэтийн нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед Эрдэнэт маань гадагшаа гарах боломж байна уу?
БНХАУ өнөөдөр Европын технологийн компаниудыг хямралаар далимдуулан харьцангуй хямдаар худалдаж авч байна. Монголчуудад ч гэсэн хэрэндээ таарсан нэг жижиг компани (мах боловсруулдаг ч юм уу) худалдаж аваад бэлэн ноу-хоу импортлох боломж байсан л байж таараа. Дэлхийн зах зээлд мах нийлүүлье гэж олон жил ярилаа. Гэтэл бидэнд технологи дутсаар байдаг.
Дэлхийн хямрал бидэнд нөлөөлж хүндрэл үүсгэж байгаа нь манай эдийн засгийн зэсийн эксдортоос хэт хараат гажиг тогтцоос гадна өмнөх онуудын бодлогын алдааны уршиг биз. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээлд илүү нээлтэй болж өсч томорч буйн шинж гэж харах боломжтой юм. Жишээ нь 1930, 1978 болон 1997 оны хямралууд манай улсын зах зээлд төдийлөн нөлөөлөөгүй. Учир нь бид жижиг, тусгаарлагдмал байсан. Өнөөдөр тэгвэл жижиг эдийн засаг маань томчуудын тусдаг өвчинд ч бас өртөмтгий болжээ.
Эдийн засгийн өсөлт ба нийгмийн сэтгэлзүй
Зарим улс төрчид, бодлого боловсруулагчид, “сайн дурын эдийн засагчид” өнөөгийн эдийн засгийн хөгжлийг хэт харлуулж, бас муу амлан цэцэрхэх, бүхнийг хараар будах замаар нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна. Зарим нэг хүмүүсийн прогнозоор бол өнгөрсөн 5-р сард Монгол Улс хүнс, барааны гүнзгий хомсдолд ороод, ам долларын ханш аль хэдийнэ 2000 төгрөг гарчихаар байв. Гэтэл тийм зүйл болсонгүй.
Ер нь хямралд орчлоо, хямралаас тэдийд гарна гээд л байх. Цэвэр макро эдийн засгийн практикийн үүднээс авч үзэхэд “эдийн засгийн хямралаас хэзээ гарах” талаар нь зөв үү? Учир нь Монгол Улсын эдийн засаг “хямралд орсон” гэж шууд хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл энэ 3-р улиралд ДНБ-ий бодит өсөлт эерэг гарах боломжтой. Эерэг өсөлттэй гарсан тохиолдолд “гурван улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан байх” гэсэн эдийн засгийн хямралын тухай жишиг үзүүлэлт “биелэхгүй” байх юм.
Нөгөө талаас, өмнөх 2007, 2008 онуудын мөнгө-санхүү, зээлийн огцом тэлсэн хурд, зэсийн үнийн өсөлт зэрэг нь эдийн засагт хэт халалт үүсгээд байв. Тус халалт хөрч, “хөөс хагарч” хэвийн байдалдаа орж байж болох юм. Энэ тохиолдолд өнөөгийн уналт нь “хямрал” гэхээсээ илүү “зах зээл жам ёсоороо өөрийгөө засч буй үйл явц” гэж үзэж болно.
Цаашид яах вэ?
Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалтын тавцанд шуугиан тарин гарч ирж байна. “Өсөх ирээдүйтэй энэ улсын парламент нь ямар шийдвэр гаргах нь вэ” гэдгийг дэлхийн нөлөө бүхий том хэвлэлүүд анаад сууж байдаг болжээ.
Монгол Улсын байгалийн их баялаг үндэстнүүдийн нөөцийн их хуваарилалтанд орж эхлэх цаг дөхсөөр. Энэ үйл явцыг бид харин хэрхэн урт хугацаат хөгжлийн хөдөлгүүр болгон хувиргах вэ гэдэг нь миний бодлоор дараах хүчин зүйлүүдээс хамаарна:
- Эдийн засгийн бодлогын сахилга бат
- Хос тэнцвэрийн бодлого буюу алдагдалгүй төсөв, алдагдалгүй гадаад худалдаа
- Технологийн шинэчлэлийг дэмжих (капитал эзэмшигч бий болгох
- Хөрөнгийн, үнэт цаасны зах зээлийг өргөжүүлэх
- Уул уурхайн ордуудыг ашиглаж эхлэх
- Тус ордуудыг тойрсон үндэсний жижиг, дунд бизнесийн хэлхээг бий болгох
гэх зэрэг болно.
Богино хугацаанд бодлого хэрэгжүүлэгч нар эдийн засаг дах нийт эрэлт буюу худалдан авалт, ялангуяа барилгын салбар дахь худалдааны эргэлтийг эрчимжүүлэх ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай авч хэрэгжүүлснээр барилга болон банкны салбарын хүндрэлийн эсрэг зөвхөн цаасаар биш харин бодит ажлаар тэмцэж байгаагаа харуулах нь зүйтэй.
Ер нь улс төрчид, бизнес эрхлэгчид улсынхаа эдийн засгийн хүч чадалд, цаашид өсөн дэвжих ирээдүйд гүн бат итгэж, үнэмшиж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэж итгэж байж нийгмийг араасаа дагуулна. Бид юу хүлээнэ, түүндээ л хүрнэ.
Ч.Отгочулуу
No comments:
Post a Comment