Thursday, September 17, 2009

Мэдлэг Бол Хүч

Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм.

Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна.

Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм.

Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг - үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна.

Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. “Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ” гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг.

Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго. “Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ. Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл “олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх. Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөлгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор”.

Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой” гэдэг юм. Харанхуй бүдүүлэг байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх. Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст mангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. “Бүү мэд. Мэдсэнийг бүү ав” гэх энэ хараалыг адгаас адаг хараал гэж дээдэс үздэг байжээ. Хоёр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй. Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ёс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно. Ямар ч боловсрол ёс суртахууны боловсролоос дээгүүр тавигдах ёсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. “Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй” гэж аугаа их ухаантан сэрэмжлүүлсэн байна.

Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй” гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна.

“Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” юм.

Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. “Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил”. Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй. Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол мэдлэг боловсролтой бол. “Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг” юм.

“Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.

No comments: