Хүн бүхэн ажиллах явцдаа ямар нэгэн байдлаар дарамт шахалтанд өртдөг. Нэг нэгнээ нүд үзүүрлэн, бүлэглэн шахаж хавчихыг моббинг гэнэ. Үүнийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах нь бий. Үнэндээ бол ажлын үр бүтээлд таагүй нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл бол моббинг юм. Тиймээс өрнөдийнхөн байгууллагын ажилд моббинг ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судлаж, гадуурхагдсан хүмүүст зөвлөгөө өгөх газар байгуулжээ. Энэхүү үзэгдэл амьтны ертөнцөд өвсөн тэжээлтэн хүч хавсран ганц махчин амьтан руу дайрахаар илэрдэг. Ажлын байранд бол нэг хүний эсрэг хэсэг албан хаагчид удаан хугацааны туршид гадуурхсан, дээрэлхсэн, үл ойшоосон үйлдэл хийдэг юм. Амьдрал дээр золиос нь ч, авлагчид нь ч моббингийн талаар ярихыг хичээдэггүй болохоор танихад ярвигтай. Моббингийг нэг зиндааны албан тушаалтнуудын дундах буюу хөндлөн, албан тушаал ялгаатай хүмүүсийн дундах буюу босоо гэж хоёр ангилдаг.
Хөндлөн моббингийн тухайд байгууллагын хуучцуул шинэ ажилтнуудын эсрэг голдуу хэрэглэдэг. Шинээр ажилд орсон хүн чадварлаг байж, өөрсдөдтэй нь албан тушаал булаалдах өрсөлдөгч гэж үзвэл моббингоор дарамталдаг. Эсвэл шинэ ажилтан бусдаас илт давуу байгаа тохиолдолд моббингод өртдөг. Гэхдээ моббингийг гэв гэнэт даргын хайр ивээл хүртэх болсон эсвэл амьдралаа огцом өөрчилсөн нөхдүүд хуучцуулын эсрэг хэрэглэх нь бий.
Харин албан тушаалаа ахих замаа цэвэрлэх, эсвэл удирдлага нь аль нэг ажилтнаа хууль зүйн дагуу ажлаас нь халж чадахгүй болсон үед босоо моббинг хэрэглэдэг. Жишээлэхэд шинэ дарга багаа бүрдүүлэх, эсвэл боловсон хүчнээ цомхотгох замаар хэмнэлт гаргах хэрэгтэй болж гэж бодъё. Ийм нөхцөлд хуучин ажилтныг ноцтой шалтгаангүйгээр хуулийн дагуу халах боломжгүй. Тиймээс ажилтанд биелүүлэх боломжгүй даалгавар өгч, эцсийн бүлэгт өөрийнхөө хүслээр гарахаас өөр аргагүй байдалд оруулах нь хавьгүй хялбар.
Ажил дээрх моббинг нь хүнийг бие болоод сэтгэлийн хувьд маш их ядрааж, асар их эрчийг сорж авдаг болохыг эмнэлгийн судалгаагаар тогтоосон байна. Гадуурхагдан хавчигдаж байгаа хүн өөрийгөө чадвартай бөгөөд нэг зиндаанд ажиллах бүрэн эрхтэй гэдгийг бусдад батлахад эрч хүчээ зарцуулдаг. Улмаар сэтгэл зүйн дарамт эрс нэмэгдэж эхлэхэд ажилтан бусдаас салангид, хэрэгтэй мэдээлэл орж ирдэггүй битүү хайрцагт орсон мэт болж, баримжаагаа алдан, өөрийн талаарх тогтсон мэдээлэл нь нурж эхэлдэг. Ингээд энэ бүхнийг дагалдаж толгой өвдөх, ойр ойрхон ханиад хүрэх, нойргүйдэх, цусны эргэлт алдагдах гэх мэт стрессийн шинж тэмдгүүд ажиглагдана. Архаг хуучийн тоонд багтах өвчин эмгэгийн тоо ч нэмэгдэнэ. Моббингийн золиос болсон хүмүүс өөрийгөө муу хүн биш гэж батлах гэж улайран зүтгэх хэрэг байгаа үгүй эсэхийг бодох хэрэгтэй. Ингээд гарах гарцгүй болвол ажлаа бушуухан сольсон нь дээр.
Моббингийн бай болсон үед яах вэ?
Таны эргэн тойронд болоод байгаа бүхний учрыг олж, хужрыг тунгаахад туслан, моббингийн улмаас танд учрах хохирлыг бага ч гэсэн хөнгөлөх зургаан дүрэм бий.
Тогтоох гэлгүйгээр шууд бичиж авч бай
Сэтгэл судлаачид моббингийн бай болсон хүмүүст өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг. Түүндээ өөрийн эсрэг чиглэсэн бүх төрлийн гүтгэлэг, цуу яриаг тэмдэглэн авч байх хэрэгтэй. “Тавдугаар сарын 22- Дорж төлөвлөгөөгөө бичиж дуусгах хугацааг надад санаатайгаар хэлээгүй. Даргыг уурлаж загнахад бах нь ханасан байртай инээж суусан. Өөдгүй новш” гэх мэтээр ажил дээр болсон бүх үйл явдлаа тэмдэглэх нь таны эсрэг явуулга хийж буй хүмүүс, тэдний хэрэглэж байгаа тактик болон хэн нь ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлох боломж олгодог. Мөн өөрийнхөө хий алдааг ч гэсэн цаг алдалгүй мэдэрч ухамсарлах боломжтой.
Ерөнхий найруулагчийг ол
Моббинг нь хэн нэгний санаачлагагүйгээр хар аяндаа эхэлнэ гэж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө тэр моббинг хийх санаачлага гаргаад байгаа хүнийг олж тодорхойлох хэрэгтэй. Үл ойлголцлыг арилган, нааштай холбоо тогтоох гээд оролдоод үзэх хэрэгтэй.
Холбоотноо хай
Таны эсрэг довтолж байгаа хүмүүсийн дундаас холбоотноо олох нь тун ч хэрэгтэй зүйл байдаг. Тэр олон хүн дунд танд нааштай хандах ядаж ганц хүн байж таарна. Ийм хүмүүстэй танилцан холбоо тогтоосноор та ядаж нэлээд хэсэг хүмүүсийн өрсөлдөгч дайсан байхаа болино.
Өөрийн фракцаа байгуул
Та гадуурхагдаж моббингийн золиос болж байсан цорын ганц хүн биш нь мэдээж. Эргэн тойрныхоо хүмүүсийг сайн ажиглавал нэгэн цагт моббингийн бай болж үйлээ үзэж байсан нэлээд хэдэн хүмүүсийг олох нь гарцаагүй.
Үйл явдлыг хяналтдаа байлга
Хамгийн гол нь зэмлэл шийтгэл хүлээж болох ажил мэргэжилтэй холбоотой алдаа, дутагдал гаргалаа гэхэд аль болох дахин гаргахгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Та хэн нэгэнтэй дайтах бус, мэддэг чаддагаа ашиглах гэж ажилд орсон гэдгээ сана. Өндөр зэрэгтэй мэргэжилтнийг ямар ч моббинг барьц алдуулж чаддаггүй.
Даргатайгаа тулж ярилц
Моббинг үүсэх нөхцлүүд
Хамт олны дунд бүрдсэн үл ойлголцож, дайсагнасан хүйтэн уур амьсгал моббинг үүсгэх хамгийн тохиромжтой орчин юм. Байгууллагын зорилго, хөгжлийн стратеги тодорхойгүй, дээд албан тушаалтны удирдах дадал туршлага хангалтгүй, ажлын хариуцлага, үүргийн хүрээ бүрхэг, шийдвэр гаргах механизмын шат дарааллыг нарийн боловсруулаагүй, элдэв далд явуулга, хов живийг зөнд нь орхих, мэргэжил дээшлүүлэх систем болон албан тушаал ахих боломжгүй байх, ажилтан удирдлагын хооронд төрөл садны холбоо болон амин хувийн харилцаа давамгайлах, ажилтнуудын сэдэл хоорондоо эрс зөрөөтэй байх, хөдөлмөрийн хуваарилалт, зохион байгуулалт буруугаас зарим мэргэжилтнүүдийн ачаалал хэт ихэсдэг зэрэг нь ямар ч сайн компанийг “хорт могойн чуулган” болгож хувиргах аюултай.
No comments:
Post a Comment