Monday, November 30, 2009

Хувиа бүү хичээ

Амжилтын үнэлгээг лидер хүн ямагт бусадтай хуваалцах буюу бусдад тэр чигээр нь өгдөг.
Өрөөл бусдын ажил хэрэг, амьдрал ахуй нь элдэв бэрхшээлгүй сайхан байг гэсэндээ хамаг цагаа бусдын төлөө зориулна.
Юм бүхнийг тэр бусадтай хуваалцах боловч буруу хэргийг хэнтэй ч үл хуваалцана.
Жинхэнэ лидер хүн буруу хэргийг өөртөө хүлээж, өөр хэн нэгэнтэй хариуцлагыг хувааж үүрэх талаар хэзээ ч боддоггүй.


Өрөөл бусдын сайн сайхныг бодож байгаа хүн өөрийнхөө сайн сайхан байдлыг нэгэнт олсон байдаг.


Күнз

Sunday, November 29, 2009

Уолтерийн хууль





Тамхи, түүдгийн утаа нүдэнд орох нь таны утаанд дасах чадвартай шууд хамааралтай байдаг.

Болгоомж

Лидерүүд ам нээхээсээ өмнө боддог. Болгоомж гэдэг бол доод тушаалтнууд, дарга нар, үйлчлүүлэгч, нийлүүлэгч гээд хэн бүхэнд хэрэгтэй зүйл.
Болгоомжтой байхад хохирол гэж үгүй. Харин ч өрөөл бусдын сайхан сэтгэлийг улам илчилж, өрөөл бусадтай гүн бат харилцаатай болохын үндсийг тавьдаг.


Болгоомж гэдэг өрөөл бусдыг, өөрсдийгөө юу гэж бодож байна, яг тэр байдлаар нь дүрслэх хэрэглүүр юм.

Авраам Линкольн

Friday, November 27, 2009

Эр зориг

Аливаа нэг шинэлэг зүйлийг эхлүүлэхэд лидер хүн бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч чадвартай, зоригтой байх ёстой.
Лидер хүн өрөөл бусдын зүглэхээс айж буй зүгт зоригтой зүглэдэг байх ёстой. Хүнд хэцүү бүхэнтэй зоригтой тулгарч, өөрийн хүмүүсийг дэмждэг байх ёстой. Шударга бус явдлаас хүмүүсээ мөн хамгаалдаг байх ёстой. Хэрэгтэй үед дээд тушаалтнуудынхаа өмнөөс үг хэлэх чадвартай байх ёстой.

Эр зориг л амьдралыг бахдам сайхан болгож чаддаг.

Жорж Бернард Шоу

Өөртөө үнэнч байлга

Лидер хүн доод тушаалтнууд болон дарга нарынхаа дэмжлэг туслалцааг авч чаддаг байх хэрэгтэй.
Тэдний үнэнч чанарын хариуг бас өгөх хэрэгтэй. Тиймээс доод тушаалтнууд болон дарга нарынхаа төлөө санаа тавь. Тэдний тусыг хариулахын тулд та тэдэнтэй хамт ажиллаж, тэдэнд амжилтанд хүрэхэд нь туслах хэрэгтэй.
Доод тушаалтнуудын үнэнч зүтгэл нь лидер хүмүүст бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд маш их нэмэр болдог. Дээд тушаалтнуудын үнэнч байдал нь лидер хүнд хүч мөхөсдөхийн цагт тус нэмэр болох юмуу алдаа дутагдалаа багасгахад нөлөөлдөг.
Ямар ч цагт лидер хүний амжилт нь доод болон дээд тушаалтнуудын үнэнч итгэлтэй чанарын ачаар цэцэглэн дэлгэрсээр ирсэн билээ.

Чин үнэнч зүтгэл гэж бий. Лидер хүн түүнгүйгээр лидер хэвээрээ байж эс чадна.

Гёте

Sunday, November 22, 2009

Хүндэтгэлийг ол

Өрөөл бусдаас, дээд болон доод албан тушаалтнуудаас ер нь хамт ажилладаг хэн бүхнээс хүндэтгэлийг нь хүртэнэ гэдэг лидер болохын төлөө тэмүүлж байгаа хүнд хамгийн чухал. Өрсөлдөгчдөөсөө болон өөртэйгөө ижил бизнес эрхэлдэг хүмүүсийн хүндэтгэлийг хүртэх нь ч бас чухал.
Шударга, өрсөлдөөнч чанарыг тань үнэлсэн хүнд бол таны ажлын хамгийн чухал суурь гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Хэрэв хүмүүс таныг хүндэлж бас хайрладаг бол та өөрийгөө жинхэнэ, лидер болсон гэдэгтээ итгэлтэй байж болно. Хэрэв эдгээрээс ганцыг нь л хүртье гэвэл хүндэтгэлийг нь хүртэх хэрэгтэй.

Өрөөл бусдаар хүндлүүлье гэвэл өөрийгөө хүндэл.


Балтасар Грациан

Судалгааг удирдан явуул

Тодорхой нэг сэдвээр хийсэн нарийвчилсан судалгааг юу ч орлож чадахгүй. Лидер хүн өргөн хүрээтэй мэдлэгээ ашиглаж аливаа тулгарах бэрхшээлээс сэргийлж, хөгжилд хөтлөх төслийг боловсруулдаг. Мөн түүнчлэн бизнесийн чиглэлийн сэтгүүл, товхимол сэлтийг сайтар ойлгохын тулд номын санд сууж, тодорхой нэг судалгааны сэдвүүдтэй танилцах хэрэгтэй.
Мэдлэг гэдэг хүч тул лидер хүн тэрхүү хүчээ улам арвижуулахын тулд яах шаардлагатайг өрөөл бусдаас хавьгүй илүү мэддэг.


Аливаа нэг зүйлийг маш сайн мэдэх бас нэгэн зам бол хаанаас тухайн мэдлэгийг олж авахаа мэдэхэд байдаг.

Самуэл Жонсон

Thursday, November 19, 2009

Дотоод мэдээллээ хуваалц

Танай байгууллагад эрдэм, мэдлэгтэй янз бүрийн хүн, мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл өгч чадах янз бүрийн хэсэг тасаг ажилладаг. Тэднээс суралцвал таны ажиллах хүрээ тэлэгдэж, улам сайжирна.
Өөр бусад салбарынхантай харилцаа холбоогоо бэхжүүлж, хөгжүүл. Тэгвэл тэднээс аливаа мэдээллийг цаг алдалгүй авахад тус дөхөмтэйн дээр цаашид өсөн хөгжихөд нэн тустай.
Тухайлбал, та зах зээл судлал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний нөөц, санхүүгийн хэсгийнхнээс байнга мэдээлэл авч байх хэрэгтэй юм.


Нэгдэнэ гэдэг эхлэл юм. Нэгдмэл байдлаа хадгална гэдэг ахиц юм. Нэгдсэн хэвээрээ ажиллана гэдэг амжилт юм.


Хэнри Форд

Monday, November 16, 2009

Шинэ мэдээллээс бүү хоцор

Лидерүүд сүүлийн үеийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний талаар цаг алдалгүй мэдэж, ашигладаг.
Өөрийн компаний дотор цаашлаад улс орны дотор бүр дэлхий даяар хандлага хаашаа чиглэж байгааг алдалгүй мэднэ.
Лидер хүн мэргэжлийн холбоодод гишүүнээр элсэж, ном сэтгүүл, товхимолуудыг уншиж судалсанаар шинэ технологийн талаархи мэдээллийг хамгийн түрүүнд авах боломжтой юм.
Ирээдүйд ойрхон байх тусмаа урьдаас зөв таамаглах боломж ихэсдэг.

Хувь тавилан гэдэг тохиох аз төдий зүйл биш. Энэ бол сонголт юм. Хувь тавиланг хүлээдэг юм биш. Хувь тавиландаа өөрөө хүрдэг юм.


Виллиам Женнингс Брайн

Sunday, November 15, 2009

Юм юмнаас мэд

Лидер хүн олон талын мэдлэгтэй, туршлагатай байх ёстой бөгөөд шаардлагатай үед тэр бүхнээсээ ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
Ийм мэдлэг, туршлага хуримтлуулахын тулд биеийн тамир спорт, нийгэм олон нийтийн ажил, шашин ном, өглөг буяны ажилд идэвхтэй оролцох нь зүйтэй.
Лидер хүн өрөөл бусадтай харилцан, ярилцаж, бизнесийн зөвлөгөөн, мэтгэлцээн зэрэг ажиллагаанд оролцохын зэрэгцээ дизайн, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээл судлал, худалдаа, бараа түгээх зэрэг ажлыг гардан хийж үзсэн байдаг.


Төгс төгөлдөр болж, мэдэх шаардлагатай бүхнийг мэдэж чадахгүй ч гэсэн аль болох юм бүхнийг зах зухаас мэдэхийг хичээх хэрэгтэй.

Блез Паскал

Эрдэм мэдлэг

Өөрийнхөө компанийг бүрдүүлж буй хэсэг бүрийг нарийн сайн мэддэг болох нь амжилтын үндэс юм.
Ерөөс амжилтанд хүрэхийн тулд техникийн бусад чиглэлийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй.
Компанийхаа тухай болон практик мэдлэг хуримтлуулж, ирээдүйд хэрхэн өргөжин тэлэхийг төсөөлж, гадаад ертөнцтэй хэрхэн холбогддогийг нь судлах хэрэгтэй.
Түүнчлэн өөрийн компанитай /үйл ажиллагаа/ холбоотой сонин сэтгүүл, ном товхимол уншиж, мэргэжлийн зөвлөгөөн, семинарт байнга оролц.
Лидер хүн өөрийн салбартаа хамгийн сайн мэдлэгтэй, хамгийн гарамгай чадвартай байхын төлөө тэмцэх ёстой.

Эрдэм мэдлэгийн үндэс гэдэг бол тухайн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж ашиглахдаа байдаг. Эс бөгөөс мунхагаа харуулсан хэрэг болно.

Күнз

Saturday, November 14, 2009

Өнгөрсөнөөс суралц

Лидерүүд гэдэг бол шинэ цагт л байгаа юм биш. Хүн төрөлхтөн анхлан галыг олж, хэрхэн асаахад суралцсан тэр л үеэс лидер хүний амжилт, бүтэлгүйтэл, ялалт, ялагдал бүхэн нь түүхийн шаргал хуудсанд бичигдсээр ирсэн билээ.
Зуун зууны тэртээгээс уламжлагдан ирсэн их удирдагчдын мэргэн сургаалиуд бидэнд лидер хүн юуг анхаарч, юунд хүч авьяасаа зориулах учиртайг сануулж ойлгуулах болно.

Эргэж улам алсыг харах чадвартай болох тусмаа та урагш улам алсыг харах чадварыг бас олно.

Винстон Черчиль

Thursday, November 12, 2009

Лидер хүн бэлтгэлтэй байдаг

Лидер болохын төлөө өөрийгөө хэрхэн бэлтгэж байгаагаас ирээдүйн үйл хэрэг тань тодорхойлогдож болох юм.
Хэрэв та бэлтгэх шаардлагагүй гэж боддог бол агуу их лидерүүдийн хэлсэн дараах үгсийг зэрвэсхэн ч болов уншаад нэг үзээрэй.

Бэлтгэл сайтай хүн ялалтанд хүрэх их замын тэн хагасыг туулчихсан байгаатай агаар нэг юм.

Сервантес

Би бэлтгэх болно, тэгвэл боломж гарах өдөр надад гарцаагүй ирнэ.

Авраам Линкольн

Бэлтгэлтэй байна гэдэг амжилтын үндэс юм.

Хенри Форд

Wednesday, November 11, 2009

Амьдралын бөмбөлөгнүүд

Амьдралыг жонглёр мэт төсөөл. Яагаав алиалагчдын 5, 6 бөмбөгийг өөдөө шидэн жонглёрддог шиг л.
Эдгээр бөмбөгүүдийг тус бүр таны ажил, гэр бүл, эрүүл мэнд, анд нөхөр, хайр гэе. Энэ бүгдийг унагалгүйгээр агаар луу шидэн барьж авах нь маш чухал.
Харин та жонглёрдох явцдаа ажил бол резинэн бөмбөг болохыг төвөггүй ойлгож чадна. Газар унасан ч буцаад л ойно.
Харин үлдсэн 4 ньтийм биш. Тэдгээр нь шилэн талстаас бүтсэн эмзэг эдүүд юм. Унагах л юм бол зурагдаж, элэгдэж, эмтэрч, заримдаа бүр хагаран юу ч үгүй үйрмэг болох ч магадлалтай.
Унасан бөмбөг хэзээ ч хуучин хэвэндээ буцаж орж чадахгүй. Үүнийг бид жонглёрдох явцдаа байнга санах хэрэгтэй бөгөөд амьдралд юунд илүү анхаарал халамж тавьж, юуг бусдаас илүү эрхэмлэх ёстойгоо умартахгүй байх нь чухал.

Moonlight Sonata

Monday, November 9, 2009

Чейтсийн таамаглал





Найз нөхрөө ядарч явах үед та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо таныг бас л дурсах болно.

Saturday, November 7, 2009

Хурдан хурдан, өчигдөрөөс хурдан


Өглөө бүр африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно.

Өглөө бүр африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ.

Та арслан ч байсан зээр ч байсан хамаагүй өглөө болоход л давхих хэрэгтэй. Харин давхихдаа өмнөх өдрөөсөө хурдан давхих хэрэгтэй гэдгээ бүү март.

Амьдралын төлөөх чармайлтыг энэ Африк зүйр цэцэн үг хичнээн сайхан илэрхийлээ вэ.

Хэрэв та арслан байгаад, өмнөх өдөр хамгийн удаан давхисан зээрийг барьж чадаагүй бол, мөн өнөөдөр зээр барихыг хүсч байвал нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хамгийн удаан зээр ч таниас хурдан болохыг. Тэгвэл та өнөөдөр өчигдөрөөсөө илүү хурдан давхиж байж энэ уралдаанд ялагч болох болно.

Хэрэв та зээр байгаад өчигдөр арслангийн идэш болохоос зайлсхийж чадсан бол мөн өнөөдөр ч идэш болохыг хүсэхгүй байгаа бол хурдаа өчигдөрийнхөөсөө ихэсгэх хэрэгтэй. Учир нь таны ээлж ч байж болох юм.

Өөрөөр хэлбэл амьдралын уралдаанд хоцролгүй үлдэх ганц л зам бий.

Өчигдөрөөс хурдан давхих...........

Үүнээс түүнээс, энэнээс тэрнээс биш. Өчигдөрөөсөө хурдан давхих. Та тийм байж чадах уу?

Sunday, November 1, 2009

Найдваргүй ажиллагааны тавдугаар хууль



Хүн алдаж эндэж болно.
Компьютер харин алдвал /эвдэрвэл/ холион бантан хутгадаг.