Showing posts with label Мэдлэгт тань дусал нэмэр. Show all posts
Showing posts with label Мэдлэгт тань дусал нэмэр. Show all posts

Thursday, January 7, 2010

Зорилго тодорхойгүй газар матаас их

Тууштай бай
Хүн болгоны сонсохыг хүссэн зүйл ярьснаар хүмүүсийн итгэл хүндлэлийг олж чадах нь юу л бол. Илэн далангүй, тууштай байж, найз нөхдийн дунд маргаан үл ойлголцол гарсан нөхцөлд маргасан талуудыг илэн далангүй ярилцахыг санал болгох замаар зоригтой шийддэг байх хэрэгтэй.
Хүмүүсийн амжилтыг үнэлж бай

Амжилт ололтын араас явахдаа бусдын амжилтыг олж харан үнэлдэг байх хэрэгтэй. Чухал төслийг амжилттай шийдсэн, албан тушаал ахисан гээд ойр дотны хүмүүсийнхээ ололт амжилт бүрийг үнэлэн тэмдэглэх замаар цаад хүнээ хүндэтгэж, үнэлж явдгаа харуулах хэрэгтэй.
Байдлыг өөр өнцгөөс харж сур

Ямар ч хүнд ажлаас гадна ар гэр, хувийн сонирхол, бэрхшээл гээд олон зүйл байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв ажилтнуудын тань өмнө хүндрэл бэрхшээл тулгарвал ойлгож, асуудлыг тэдний өнцгөөс харж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээх нь зүйтэй. Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх, боломжийн хирээр албан хаачиддаа зориулсан сургалт дамжаа зохион байгуулж байх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх боломж олгосноор та хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу өөрт нь тийм боломж олгосон хүний хувьд хүндлэл, итгэл олж байгаа хэрэг юм.

Хаалт
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.

Удирдлага таагүй мэдээ дуулгасан хүнд хамаг уураа гаргадагггүй байх ёстой. Маш олон тохиолдолд компанид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлсэн ажилтан хариуцлага алдсан хэмээн загнуулж гэмгүй байж хэлмэгддэг. Ингэж эртний хаад шиг таагүй мэдээ авчирсан элчийн толгойг цавчаад байвал тулгарсан асуудлын талаар илээр ярилцах хүн ховор болно. Улмаар ажлын талаар бодитой шүүмжлэл гарахгүй тос дотроосоо өтөх боломжийг бүрдүүлж өгнө.

Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хий
Ажлын газар, найз нөхдийн дунд хэрхэн бусдын хүндлэл хүлээж нэр төртэй явах талаар олон талын зөвлөгөө бий. Тэдгээрээс ямар ч нөхцөлд тохирох энгийн зөвлөгөөг танд санал болгож байна. Хүмүүс таныг хүндэлж үгийг тань анхааралтай сонсоосой гэж хүсэж байгаа бол бусдыг хүндлэж сурах хэрэгтэй. Хүн өдөр болгон ажиглаж мэдэрч байгаа зан авирыг өөрөө ч мэдэлгүй хуулбарлан хэрэглэсэн байх нь цөөнгүй. Тиймээс итгэлийг нь олох хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний санал бодол таны хувьд чухал гэдгийг мэдрүүл.

Лидерийн зан чанараа нуух хэрэггүй
Ямагт санаачлагатай, идэвхитэй байж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн энгийн гэлтгүй зүйлийг бүрэн хариуцан хийж байх хэрэгтэй. Бүгдийг чимээгүй байхад ганцаараа санал гарган, эмээлгүй хэлж, туслалцаа санал болгож байх хэрэгтэй. Өөрийгөө олон талаар хөгжүүл. Байнга ном уншиж, дамжаа, курст суралц. Энэ зөвлөгөө тийм ч чухал биш санагдаж болох ч ямар ч асуулт тавьсан хариулт өгч чаддаг хүнийг л хүмүүс сонгон, онцгойлж хүндэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Friday, October 30, 2009

Компанийн мөнгөнөөс унагагчидтай яаж тэмцэх вэ?

Хүчний арга
Нэгэн компани өөрийн менежерээ ханган нийлүүлэгчтэй уулзуулахаар явахдаа халаасанд нь диктафон хийж явуулдаг байжээ. Энэ нь менежерээ замд нь ажиллаад, таван цаас унагах боломгүй болгох гэж тэр шүү дээ. Гэтэл ийм нөхцөлд менежерүүд нь унагаж байдаг нь сонирхолтой. Жишээлэхэд менежер нь “ Манайх тэдээр авахад бэлэн байна” гэж чанга хэлэх мөртлөө цаасан дээр “Илүүг нэхээрэй” гэж бичнэ. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд түүс болж байдаг болохоор менежерийн аясаар “Арай л бага байна даа төд хүртэл нэмэх хэргэтэй“ гэж хэлэнгээ “унацаа яаж хуваах юм бэ” хэмээн цаасан дээр бичдэг..... гэх мэт. Өрнөдийн зарим компани ийм “ажиллагчид”-тай тэмцэхийн тулд ажилд орж буй хүний худал ярьж буйг мэдрэх төхөөрөмжөөр шалгах, албан хаагчдынхаа утасны яриаг чагнах, өрөөнд нь нууц үзлэг хийх гэх мэтийн хүчний арга хэмжээ авдаг. Гэвч энэ арга дангаараа үр дүн багатай байдаг төдийгүй илэрсэн нөхцөлд компанийн дотор үл итгэлцлийн уур амьсгал бүрдүүлэх аюултай.

Баримтжуулах арга
Менежерүүд гарцаагүй барилдсан үед “мэдээгүй“, “хэлээгүй”, “гэнэдчихлээ” гэж хэлэх боломж бага болохоор тасралтгүй “ажиллаж“, “унагаж” байдаг. Авилгач гэсэн шошго зүүгээд тойрохоо зуруулаад гүйж байснаас учир мэдэхгүй “дүнхүү” гэж хэлүүлээд ажлаа хийж байсан нь дээр. Харин ийм төрлийн “сэргэлэн нөхөд”-тэй тэмцэхийн тулд авилга авах, унац ихтэй албан тушаалуудтай холбоотой бүх стандарт ажлуудын дарааллыг цаасан дээр нэг бүрчлэн тэмдэглэж буулгах арга хэрэглэдэг. Жишээлэхэд хангамж хариуцсан менежер тодорхой аргачлалын дагуу сонгон авсан нэлээд хэдэн тооны нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үнийн дүнгийн талаар дүн шинжилгээ хийж, зах зээлийн дундаж үнийг тогтоогоод, дараа нь хэнээс бараа авахаа тодорхойлох ёстой. Улмаар ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн авах үедээ заавал үндэслэлийг нь бичнэ. Тухайн компани манайд ийм ийм ашигтай нөхцөл, нэмэлт үйлчилгээ үзүүлэх болохоор бүтээгдэхүүнийг зах зээлийн дунджаас гурван хувь илүү үнээр авсан гэх мэт. Энэ мэтээр үйлдэл болгоныг баримтжуулж өгөх нь хэрэгтэй үед шалгах боломж бүрдүүлдэг. Өрнөдийн бизнесийн салбаруудад өөрийн гэсэн ёс суртахууны мөрдлөг бий. Тухайлбал АНУ –ын рекламын менежерийн мөрдөх зарчим, ханган нийлүүлэгчийн зарчим гэж байдаг. Тэнд ”Бусад этгэдүүдийн өмнө үүрэг хүлээх эсвэл өөрийн ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөхөд хүргэж болзошгүй бэлэг өгч, авч болохгүй. Нэг компаниас жилдээ 25 доллараас илүү үнэтэй бэлэг авч болохгүй“ гэх мэт олон зүйл байдаг. Эдгээр зарчим, мөрдлөгүүдийг салбар тус бүрийн олон нийтийн байгууллагад боловсруулсан байдаг.

Мониторингийн арга
Компанийн нэрийн өмнөөс хийж байгаа бүх үйлдлийг баримтжуулах нь гадны хяналтгүй үед хааяа цаасны дэмий үрлэг болж хувирах тохиолдол бий. Том компаниудын захирал, эсвэл эздэд худалдан авч байгаа бүх зүйлийн нарийн ширийнийг ойлгож мэдэх боломж тэр болгон гардаггүй. Харин марктенгийн албандаа улиралд нэг удаа ханган нийлүүлэгчдийн санал болгосон үнийн шинжилгээ хийгээд, гарсан тоог үндэслэн нийлүүлэлт хариуцсан хүмүүсийн гэрээнд шалгалт өгөөд байж чадна. Гэхдээ энд авсан, эсвэл авах гэж байгаа барааны чанарыг тодорхойлох нь нилээд ээдрээтэй асуудал байдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа бүтээгдэхүүний чанарын үнэлгээ нь субьект байдаг салбарууд дээр тун ярвигтай болдог. Компьютер техник хангамжийн шинэ техник технологи нэвтрүүлэхийг шаардах, рекламны менежер илүү үр ашигтай сурталчилгаа хийж туршихийг санал болгох гэх мэт. Яагаад? Өөрт унац ихтэй болоод тэр үү, эсвэл үнэхээр шилдэг нь үү? Тус салбарт ажилладаг компаниудын хувьд тухайн байгууллагын гишүүн байж, улмаар заагдсан мөрдлөгүүдийг өдөр тутмын болгох ажиллагаа явуулах лиценз авах нэг нөхцөл болж байдаг.

Эрх мэдлийг тараан хувиарлах арга
Зарим компиануд их “ажилладаг” ажилтнуудынхаа хүслийг бага ч гэсэн хориглохын тулд шийдвэр гарган, төвийн хэд хэдэн газар тараадаг. Тухайлбал нийлүүлэлт хариуцсан ажилтан зөвхөн худалдан авах ба үнийн талаар тохиролцоно. Маркетингийн алба нийлүүлэлтийн нөхцлийн талаар тохиролцоод, гэрээндээ хэд хэдэн албадын дарга нар гарын үсэг зурсны дараагаар эцсийн гарын үсгийг захирлын орлогч тавьснаар гэрээ хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ мэтээр хүнд сурталжуулах нь компанийн бизнесийн ажлыг сааруулахаас өөр ямар нэгэн үр дүн үзүүлэхгүй байх нь олонтаа. Учир нь ийм нөхцөлд албан хаагчид үгсэн, “таван цаас унагах” үйл явцыг шат дараалсан, хамт олны хүрээнд хүртэл өргөжүүлж чаддаг.

Тендерийн арга
Өнөөдөр манай нөхцөлд хамгийн унацтай бизнес бол тендер гэхэд хэтрүүлэг болохгүй. Элдэв төрлийн тендер олноор зарагдаж, компаниуд нэг нэгнээсээ хямд үнэ санал болгон уралддаг. Гэвч цаагуураа аль нэг хариуцлагатай ажилтан нь нэгэн компаниас багагүй хэмжээний мөнгө аваад шууд сонгох нь цөөнгүй. Шударгаар сонгосон байлаа ч ялсан компани тендер зохион байгуулагчдад тодорхой хэмжээний “ зоос “ атгуулахгүй бол дараагийн удаа тендерт ялах нь бүү хэл, огт оролцохгүй ч байж магадгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг.

Сэдэлт хийх арга
Хэрэв нарийн мэргэжлийн туршлагатай албан хаагч сард ердөө 50 мянган төгрөгийн цалин цалин аваад ажиллаад байгаа бол тэнэг, эсвэл ямар нэг “хор найруулж“ байгаа гэсэн үг. Ийм цалингаар гэр бүлээ тэжээнэ гэдэг байж болшгүй зүйл болохоор эрүүл саруул л бол ямар ч хүнд байдлыг сайжруулах нэмэлт сэдэлт олох нь гарцаагүй. Тэгэхээр чадварлаг ажилтанд сарын 50 мянган төгрөг санал болгоод, хөдөлмөрийг нь хямдхан худалдаад авчихлаа гэж бодож байгаа дарга үнэн хэрэгтээ том алдаж байгаа юм. Хүн албан тушаалаа үнэлэхгүй, цалиндаа сэтгэл хангалуун байх хэцүү. Байдлыг сайжруулах өөр зөвшөөрөгдсөн боломж байхгүй болохоор л “унац хайж“, “ажиллаж” эхэлдэг нь ойлгомжтой. Тиймээс хүн албан тушаалаараа бахархдаг, сэтгэл хангалуун, зөвшөөрөгдсөн аргаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой байх ёстой. Тиймээс бизнесийн нэгжээр удирдах аргыг судлаад үзэхэд илүүдэхгүй. Энэ онол ёсоор компанийн алба тус бүрийг өөрийн компанийн дотоод зах зээлд бараа үйлчилгээ нийлүүлдэг бие даасан нэгж гэж үздэг. Зарим нэгжүүд компанийн үндсэн ашгийг олдог болохоор орлогын төв болдог. Харин зарим нь орлого оруудаггүй ч зайлшгүй шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг зарлагын төвүүд байдаг. Улмаар бизнес нэгж бүрийн үр ашгийг үнэлэх систем, компанийн бусад нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээг боловсруулан гаргаж өгдөг. Ингэхэд жишээлбэл хангамж хариуцсан хэлтэс нь худалдан авахад зориулагдсан мөнгөө хэмнээд, хожим үлдсэн мөнгөө ажилтнуудаа урамшуулахад зарцуулах бүрэн эрхтэй болж таарна. Үүний сацуу өөрийн компанийг дотоод зах зээлээс шахахгүйн тулд өөрийн үзүүлж байгаа үйлчилгээг чанаржуулахад анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нь хамгийн ерөнхий бүдүүвч бөгөөд компани өөрийн онцлогт нийцсэн нарийн тохиргоо хийх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Лектор төв

Thursday, October 15, 2009

ӨӨДРӨГ ЯВЬЯ ГЭВЭЛ


1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.


4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Танд амжилт хүсье

Monday, September 28, 2009

I have a dream

Мартин Лютер Кинг:


1 Өнөөдөр би манай үндэстний түүхэн дэх эрх чөлөөний төлөөх хамгийн агуу жагсаал буюу түүхэн үйл явдалд та бүхэнтэйгээ нэгдсэндээ баяртай байна.
2 Таван зууны тэртээ өнөөдөр бид билэгдлийн сүүдэр доор нь зогсож буй энэ агуу Америк хүн Эрх чөлөөний тунхагт гарын үсэг зурсан юм. Түүхэн энэхүү тогтоол улам бүр сулрах шударга бус байдлын галд төөнөгдөж байсан сая сая хар арьст боолчуудын хувьд итгэл найдварын гэрэлт цамхаг болсон юм. Энэ нь тэдний хувьд боолчлолын урт шөнийн эцэст баясгалант өглөө ирэхтэй адил байв.
3 Гэвч зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд эрх чөлөөгүй хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнуудын амьдрал ялгаварлан гадуурхах үзлийн гаванд гутамшигтайгаар баглуулж, арьс өнгөөр ялгавах үзлийн гинжинд хүлэгдсэн хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд материаллаг баялагийн хязгааргүй далай дундах ядуурлын орхигдсон арал дээр амьдарч байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд Америкийн нийгмийн буланд зовсон хэвээр, төрөлх эх нутагтаа цөлөгдөгч мэт амьдарч байна. Иймээс бид өнөөдөр энэхүү ичгүүртэй нөхцөл байдлыг ний нуугүй илчлэхээр энд хуран цуглараад байна.

4 Өөрөөр хэлбэл бид чекээ бэлэн мөнгө болгохоор улсынхаа нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Манай бүгд найрамдах улсыг үндэслэгчид Үндсэн Хууль болон Тусгаар Тогтнолын Тунхаг Бичгийн гайхамшигт үгсийг бичиж байхдаа Америк иргэн бүр хувь хүртэгч нь болох амлалтын үнэт цаасанд гарын үсэг зурсан юм. /Алга ташилт/. Энэхүү үнэт цаас нь бүх хүмүүс, тиймээ, цагаан төдийгүй хар арьстан хүн бүрийн амьд явах, эрх чөлөөгөө эдлэх, аз жаргалтай амьдрахыг баталгаажуулсан амлалт байсан билээ. /алга ташилт/
5 Өнөөдөр Америк улс иргэдийнхээ арьсны өнгөнөөс болж энэхүү амлалтын үнэт цаасаа үл тоомсорлож буй нь илэрхий байна. Энэхүү ариун үүргээ биелүүлэхийн оронд Америк улс хар арьст хүмүүст хуурамч чек буюу “дансны мөнгө хүрэлцэхгүй” гэсэн тэмдэглэгээтэй буцаагдах чекийг өгчээ.
6 Гэвч шударга үнэний банк дампуурсан гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Энэхүү улс үндэстний боломж гэсэн том сейфэнд мөнгө байхгүй гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ бэлэн мөнгө болгохоор бид ирлээ.

7 Мөн бид одоо гэсэн хатуу шаардлагыг Америк улсад сануулахаар энэхүү ариун дагшин газар ирээд байна. Энэ бол бага зэрэг сэрүүцсэндээ тайвширч суух, “өөрчлөлт өөрөө ирэхийг хүлээх” гэсэн мэдээ алдуулах эм хэрэглэх цаг биш ээ. Энэ бол бид ардчилалын амлалтыг бодитой болгох цаг юм. Энэ бол ялгаварлан гадуурхлын зовлонт харанхуй хөндийгөөс өндийн босч, арьс өнгөний шударга ёсны жимд нар тусгах цаг юм. Энэ бол улс үндэстнээ арьс өнгөний шударга бус байдлын нуранги элснээс ахан дүүсийн барилдлагын хадан сууринд татан гаргах цаг юм. Энэ бол шударга ёсыг Бурханы бүх хүүхдүүдийн хувьд бодит байдал болгох цаг юм.

8 Цаг үеийн шаардлагыг үл ойшоох нь улс үндэстний хувьд хор хөнөөлтэй зүйл байх болно. Хар арьстнуудын зүй ёсны бухимдлын бүгчим зун эрх чөлөө, тэгш байдлын налгар намар иртэл дуусахгүй. 1963 он бол төгсгөл биш, харин эхлэл юм. Хэрвээ улс үндэстэн ердийнхөөрөө үйл хэрэгтээ эргэн орвол хар арьстнууд тайвшрах хэрэгтэй, одоо сэтгэл хангалуун байж болно гэж итгэгсэд цочин сэрэх болно. Хар арьстнууд иргэний эрхээ баталгаатай эдлээгүй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно. Шударга ёсны гэрэлт өдөр ирэх хүртэл манай үндэстний суурийг ганхуулах тэмцлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. /алга ташилт/

9 Гэвч шударга ёсны ордонд хүрэх дулаан босгон дээр зогсож байгаа өөрийн хүмүүстээ хэлэх ёстой зүйл надад байна. Өөрсдийн зүй ёсны байр сууриа олж авах энэхүү үйл явцад бид буруу үйлийн гэмтэн болох ёсгүй билээ. /алга ташилт/ Бид үзэн ядалт, уй гашууны аяганаас эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй.
10 Бид өөрсдийн тэмцлээ үргэлж нэр хүнд, сахилга батын өндөрлөгт хийх ёстой. Бид энэхүү бүтээлч эсэргүүцлээ биеийн хүчирхийлэл болон буурахыг зөвшөөрөх ёсгүй. Бид биеийн хүчийг сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт өндөрлөгт ахин дахин хүрэх ёстой.

11 Хар арьстнуудын нийгмийг эзэмдэх болсон ер бусын, шинэ хөдөлгөөн биднийг бүх цагаан арьстнуудад үл итгэх байдал руу хөтлөх ёсгүй. Учир нь өнөөдөр та нарын дунд зарим нь зогсож буй, бидний ахан дүүс болсон цагаан арьстнууд тэдний хувь заяа биднийхтэй холбоотой гэдгийг ойлгохоор ирсэн юм. Тэдний эрх чөлөө биднийхтэй салшгүй уялдаатай болохыг ойлгохоор тэд ирсэн юм. Бид тус тусдаа явж чадахгүй ээ.

12 Явж байхдаа ч гэсэн бид зөвхөн урагшаа л алхана гэсэн амлалт өгөх ёстой. Бид эргэж буцах ёсгүй. Иргэний эрхийн хөдөлгөөний идэвхтэнээс “Та нар хэзээ санаа амрах вэ?” хэмээн асуух хүмүүс байдаг. Хар арьстнууд цагдаагийн харгислалын үгээр илэрхийлшгүй аймшгийн хохирогчид болж байгаа цагт бид санаа амарч чадахгүй ээ. Аян замын уртад эцэж цуцсан биеэ хурдны замын хажуугийн дэн буудал, хотын зочид буудалд алжаалыг нь тайлах эрхгүй байхад бид санаа амарч чадахгүй ээ. Хар арьстнууд тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргүүдээс чөлөөлөгдөх хүртэл бид амарч чадахгүй ээ. Бидний хүүхдүүд “Зөвхөн цагаан арьстнууд орно” гэсэн бичээсийн улмаас хүн биш болж, үнэ цэнээ алдаж байхад бид санаа амарч чадахгүй ээ. Миссисипийн хар арьстнууд санал өгөх эрхгүй, Нью-Йоркийн хар арьстнууд өөрсдийгөө сонгуультай ямар ч холбоогүй гэж бодож буй цагт бид санаа амарч чадахгүй ээ. Үгүй ээ, үгүй! Бид санаа амарч чадахгүй ээ. Шударга ёс их ус мэт хуйларч, зөвт байдал хүчит урсгал мэт урсах хүртэл бид санаа амарч чадахгүй ээ.

13 Та бүхний зарим нь хүнд зовлон, сорилтууд дундаас ирсэн гэдгийг чинь анзаарахааргүй мунхаг нэгэн би биш ээ. Та бүхний зарим нь давчуу бүгчим шоронгийн өрөөнөөс дөнгөж суллагдаад ирсэн байх. Та бүхний зарим нь эрх чөлөөний эрэл хайгуул чинь хавчлагын хуй салхинд балбуулж, цагдаагийн харгислалын салхинд нүдүүлдэг газраас ирсэн байх. Та бүхэн бол бүтээлч зовлонгийн ахмад дайчид юм. Гэм зэмгүй зовлонгийн нөхөн төлбөр бий гэсэн итгэлтэйгээр ажил үйлсээ үргэлжлүүл.

14 Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Өмнөд Каролина руугаа яв, Жоржидоо оч, Луизана руугаа буц, энэхүү нөхцөл байдлыг яаж ийгээд өөрчилж болно гэдгийг мэдээд Умардын хотууд дахь өөрсдийн борчуудын дүүрэг, умгар овоохойнууддаа оч. Цөхрөлийн хөндийдөө үүрд үл үлдэцгээе.

15 Нөхөд өө, өнөөдөр, маргааш бид зовлон бэрхшээлтэй тулгарсан хэвээр байх ч гэлээ би мөрөөдсөн хэвээр байна гэдгээ хэлье. Энэ бол Америк мөрөөдөлд гүн суурилсан мөрөөдөл юм.

16 Нэг л өдөр энэхүү үндэстэн сэрж, “Хүн бүр тэгш эрхтэй бүтээгдсэн гэдэгт бид итгэдэг” гэсэн тунхгаа хэрэгжүүлэн амьдрах болно гэж би мөрөөддөг.
17 Нэг л өдөр Жоржийн улаан толгод дээр хуучин боолын хүү, боолын эзэний хүүтэй ахан дүүсийн ширээнд хамт сууна хэмээн би мөрөөдөж байна.
18 Нэг л өдөр шударга бус байдал, хавчлага, дарлалын халуунд цөлжсөн Миссисипи муж эрх чөлөө, шударга ёсны баянбүрд болон хувирна хэмээн би мөрөөдөж байна.

19 Нэг л өдөр миний дөрвөн бяцхан хүүхэд арьсныхаа өнгөнөөс болж биш, зан араншингийнхаа төлөө бусдын адил шийтгэл хүлээдэг тийм улсад амьдарна хэмээн би мөрөөдөж байна. Би мөрөөдөж байна.

20 Нэг л өдөр арьс өнгөөр ялгаварлан заналхийлэгч этгээдүүдтэй, харуудыг устгах, зайлуулах тухай ярьж явдаг мужийн захирагчтай Алабама мужид хар арьст бяцхан охид, хөвгүүд цагаан арьст охид, хөвгүүдтэй ахан дүүс мэт гар гараасаа барилцан алхах болно хэмээн би мөрөөдөж байна. Би мөрөөдөж байна.

21 Нэг л өдөр хөндий бүхэн амгалан болж, уул толгод бүр намсаж, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим дардан харгуй болж, Бурханы алдар илчлэгдэн, бүх махан бие үүнийг хамтдаа харах болно хэмээн би мөрөөдөж байна.
22 Энэ бол бидний найдвар юм. Энэ бол миний Өмнөд нутаг руугаа өвөртлөн буцах итгэл юм. Энэхүү итгэлээр бид цөхрөлийн уулыг найдварын хад болгон засч чадна. Энэхүү итгэлээр бид улс үндэстнийхээ чихарсан, хөггүй эгшигийг ахан дүүсийн барилдлагааны уянгалаг симфони болгож чадна. Энэхүү итгэлээр бид нэг л өдөр чөлөөтэй болно гэдгээ мэдэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа шоронд орж, хамтдаа эрх чөлөөнийхөө төлөө зогсох болно.
23 Энэ бол Бурханы бүх хүүхдүүд “Эх орон минь, таныг магтъя. Эрх чөлөөний гайхам сайхан орон. Таны тухай би дуулна. Эцэг дээдэс минь амьдралаа элээсэн, анхны цагаачдын бахархал, уул бүрээс нь эрх чөлөө эгшиглэг” гэсэн дууг шинэ утгаар дуулах өдөр юм. Хэрвээ Америк улс агуу үндэстэн болъё гэвэл энэ үнэн болох ёстой.

24 Тиймээс Нью Хемпширийн толгодын оройноос эрх чөлөө эгшиглэг. Нью Йоркийн сүрлэг уулсаас эрх чөлөө эгшиглэг. Пенсильваний өндөрлөгөөс эрх чөлөө эгшиглэг!

25 Колорадогийн цаст хясаанаас эрх чөлөө эгшиглэг! Калифорний цавчим хавцлаас эрх чөлөө эгшиглэг.

26 Үүгээр ч зогсохгүй Жоржийн чулуурхаг уулнаас эрх чөлөө эгшиглэг.

27 Теннисигийн соргог уулсаас эрх чөлөө эгшиглэг.

28 Миссисиппийн дов толгодоос эрх чөлөө эгшиглэг. Уулын бэл бүрээс эрх чөлөө эгшиглэг.

29 Энэ бүхэн болвол, хэрвээ бид эрх чөлөөг ийнхүү эгшиглүүлвэл, гацаа тосгон бүрээс, муж хот бүрээс эрх чөлөөг эгшиглүүлвэл хар цагаан, еврей харь үндэстэн, протестант католик ялгаагүй Бурханы бүх хүүхдүүд гар гараасаа барилцан, хуучны хар арьст боолуудын залбирал болсон “Эцсийн эцэст эрх чөлөөтэй боллоо. Агуу хүчит Бурхан Тандаа талархая, эцсийн эцэст эрх чөлөөтэй боллоо” гэсэн үгийг түрэн дуулах тэр өдрийг улам наашлуулах болно.


“Би мөрөөдөж байна” илтгэл 1963 оны 8 сарын 28


Дээд сургуульд заахыг мартдаг 11 зүйл


Билл Гейтс дээд сургуульд заахыг мартдаг 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1. Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсролыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахггүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тавьсан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

Моббинг гэж юу вэ?

Хүн бүхэн ажиллах явцдаа ямар нэгэн байдлаар дарамт шахалтанд өртдөг. Нэг нэгнээ нүд үзүүрлэн, бүлэглэн шахаж хавчихыг моббинг гэнэ. Үүнийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах нь бий. Үнэндээ бол ажлын үр бүтээлд таагүй нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл бол моббинг юм. Тиймээс өрнөдийнхөн байгууллагын ажилд моббинг ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судлаж, гадуурхагдсан хүмүүст зөвлөгөө өгөх газар байгуулжээ. Энэхүү үзэгдэл амьтны ертөнцөд өвсөн тэжээлтэн хүч хавсран ганц махчин амьтан руу дайрахаар илэрдэг. Ажлын байранд бол нэг хүний эсрэг хэсэг албан хаагчид удаан хугацааны туршид гадуурхсан, дээрэлхсэн, үл ойшоосон үйлдэл хийдэг юм. Амьдрал дээр золиос нь ч, авлагчид нь ч моббингийн талаар ярихыг хичээдэггүй болохоор танихад ярвигтай. Моббингийг нэг зиндааны албан тушаалтнуудын дундах буюу хөндлөн, албан тушаал ялгаатай хүмүүсийн дундах буюу босоо гэж хоёр ангилдаг.

Хөндлөн моббингийн тухайд байгууллагын хуучцуул шинэ ажилтнуудын эсрэг голдуу хэрэглэдэг. Шинээр ажилд орсон хүн чадварлаг байж, өөрсдөдтэй нь албан тушаал булаалдах өрсөлдөгч гэж үзвэл моббингоор дарамталдаг. Эсвэл шинэ ажилтан бусдаас илт давуу байгаа тохиолдолд моббингод өртдөг. Гэхдээ моббингийг гэв гэнэт даргын хайр ивээл хүртэх болсон эсвэл амьдралаа огцом өөрчилсөн нөхдүүд хуучцуулын эсрэг хэрэглэх нь бий.

Харин албан тушаалаа ахих замаа цэвэрлэх, эсвэл удирдлага нь аль нэг ажилтнаа хууль зүйн дагуу ажлаас нь халж чадахгүй болсон үед босоо моббинг хэрэглэдэг. Жишээлэхэд шинэ дарга багаа бүрдүүлэх, эсвэл боловсон хүчнээ цомхотгох замаар хэмнэлт гаргах хэрэгтэй болж гэж бодъё. Ийм нөхцөлд хуучин ажилтныг ноцтой шалтгаангүйгээр хуулийн дагуу халах боломжгүй. Тиймээс ажилтанд биелүүлэх боломжгүй даалгавар өгч, эцсийн бүлэгт өөрийнхөө хүслээр гарахаас өөр аргагүй байдалд оруулах нь хавьгүй хялбар.

Ажил дээрх моббинг нь хүнийг бие болоод сэтгэлийн хувьд маш их ядрааж, асар их эрчийг сорж авдаг болохыг эмнэлгийн судалгаагаар тогтоосон байна. Гадуурхагдан хавчигдаж байгаа хүн өөрийгөө чадвартай бөгөөд нэг зиндаанд ажиллах бүрэн эрхтэй гэдгийг бусдад батлахад эрч хүчээ зарцуулдаг. Улмаар сэтгэл зүйн дарамт эрс нэмэгдэж эхлэхэд ажилтан бусдаас салангид, хэрэгтэй мэдээлэл орж ирдэггүй битүү хайрцагт орсон мэт болж, баримжаагаа алдан, өөрийн талаарх тогтсон мэдээлэл нь нурж эхэлдэг. Ингээд энэ бүхнийг дагалдаж толгой өвдөх, ойр ойрхон ханиад хүрэх, нойргүйдэх, цусны эргэлт алдагдах гэх мэт стрессийн шинж тэмдгүүд ажиглагдана. Архаг хуучийн тоонд багтах өвчин эмгэгийн тоо ч нэмэгдэнэ. Моббингийн золиос болсон хүмүүс өөрийгөө муу хүн биш гэж батлах гэж улайран зүтгэх хэрэг байгаа үгүй эсэхийг бодох хэрэгтэй. Ингээд гарах гарцгүй болвол ажлаа бушуухан сольсон нь дээр.

Моббингийн бай болсон үед яах вэ?

Таны эргэн тойронд болоод байгаа бүхний учрыг олж, хужрыг тунгаахад туслан, моббингийн улмаас танд учрах хохирлыг бага ч гэсэн хөнгөлөх зургаан дүрэм бий.

Тогтоох гэлгүйгээр шууд бичиж авч бай

Сэтгэл судлаачид моббингийн бай болсон хүмүүст өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг. Түүндээ өөрийн эсрэг чиглэсэн бүх төрлийн гүтгэлэг, цуу яриаг тэмдэглэн авч байх хэрэгтэй. “Тавдугаар сарын 22- Дорж төлөвлөгөөгөө бичиж дуусгах хугацааг надад санаатайгаар хэлээгүй. Даргыг уурлаж загнахад бах нь ханасан байртай инээж суусан. Өөдгүй новш” гэх мэтээр ажил дээр болсон бүх үйл явдлаа тэмдэглэх нь таны эсрэг явуулга хийж буй хүмүүс, тэдний хэрэглэж байгаа тактик болон хэн нь ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлох боломж олгодог. Мөн өөрийнхөө хий алдааг ч гэсэн цаг алдалгүй мэдэрч ухамсарлах боломжтой.

Ерөнхий найруулагчийг ол

Моббинг нь хэн нэгний санаачлагагүйгээр хар аяндаа эхэлнэ гэж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө тэр моббинг хийх санаачлага гаргаад байгаа хүнийг олж тодорхойлох хэрэгтэй. Үл ойлголцлыг арилган, нааштай холбоо тогтоох гээд оролдоод үзэх хэрэгтэй.

Холбоотноо хай

Таны эсрэг довтолж байгаа хүмүүсийн дундаас холбоотноо олох нь тун ч хэрэгтэй зүйл байдаг. Тэр олон хүн дунд танд нааштай хандах ядаж ганц хүн байж таарна. Ийм хүмүүстэй танилцан холбоо тогтоосноор та ядаж нэлээд хэсэг хүмүүсийн өрсөлдөгч дайсан байхаа болино.

Өөрийн фракцаа байгуул

Та гадуурхагдаж моббингийн золиос болж байсан цорын ганц хүн биш нь мэдээж. Эргэн тойрныхоо хүмүүсийг сайн ажиглавал нэгэн цагт моббингийн бай болж үйлээ үзэж байсан нэлээд хэдэн хүмүүсийг олох нь гарцаагүй.

Үйл явдлыг хяналтдаа байлга

Хамгийн гол нь зэмлэл шийтгэл хүлээж болох ажил мэргэжилтэй холбоотой алдаа, дутагдал гаргалаа гэхэд аль болох дахин гаргахгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Та хэн нэгэнтэй дайтах бус, мэддэг чаддагаа ашиглах гэж ажилд орсон гэдгээ сана. Өндөр зэрэгтэй мэргэжилтнийг ямар ч моббинг барьц алдуулж чаддаггүй.

Даргатайгаа тулж ярилц

Моббингийн бай болоод байгаа талаар даргадаа шууд хэлэх хэрэгтэй. Моббинг бизнест хор хүргэнэ үү гэхээс хэзээ ч тус болохгүй. Даргын анхаарал хандахуйц илэрхий явуулга өдөөн хатгалга гартал тэвчиж хүлээхэд хангалттай.

Моббинг үүсэх нөхцлүүд

Хамт олны дунд бүрдсэн үл ойлголцож, дайсагнасан хүйтэн уур амьсгал моббинг үүсгэх хамгийн тохиромжтой орчин юм. Байгууллагын зорилго, хөгжлийн стратеги тодорхойгүй, дээд албан тушаалтны удирдах дадал туршлага хангалтгүй, ажлын хариуцлага, үүргийн хүрээ бүрхэг, шийдвэр гаргах механизмын шат дарааллыг нарийн боловсруулаагүй, элдэв далд явуулга, хов живийг зөнд нь орхих, мэргэжил дээшлүүлэх систем болон албан тушаал ахих боломжгүй байх, ажилтан удирдлагын хооронд төрөл садны холбоо болон амин хувийн харилцаа давамгайлах, ажилтнуудын сэдэл хоорондоо эрс зөрөөтэй байх, хөдөлмөрийн хуваарилалт, зохион байгуулалт буруугаас зарим мэргэжилтнүүдийн ачаалал хэт ихэсдэг зэрэг нь ямар ч сайн компанийг “хорт могойн чуулган” болгож хувиргах аюултай.

“Бозо” –г яаж таних вэ?

Ямар ч байгууллагад шинэчлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг эсэргүүцэж өдөр тутам гүйцэтгэж буй ажилдаа өөрчлөлт оруулахыг хүсдэггүй хүмүүс буюу бозо нар бий. Тэд танд саад болж “Бид урьд нь ийм маягаар хийж болоод байсан. Ингэж өөрчлөх шаардлагагүй” гэх мэтээр шинэ санаа, санаачлагыг эсэргүүцэнэ. Шинэ орчин, техник технологид өөрчлөлт хийхээс үхтлээ айж хуучныг баримталдаг. Ийм хүмүүс бүх зүйлс болж бүтэж буй мэт харагдуулахыг хичээх болно.Үнэндээ бол компанийн ажилд өөрчлөлт хийх нь зүй ёсны хэрэг. Тиймээс та бозогоос болгоомжлохын тулд бизнесээ төлөвлөхдөө тэднийг байгууллагынхаа ирээдүйг шийдэхэд оролцуулахгүй байх хэрэгтэй. Өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй компанийг хэн ч удирдахыг хүсэхгүй. Менежер аливаа өөрчлөлттэй холбогдон гарах эрсдлийг урьдчилан тооцоолж, тэнцвэржүүлэх сайн систем хэрэгжүүлэн ажилчдадаа итгэх ёстой. Ингээд хэрэглэгчдэд дутагдаж буй үйлчилгээ бүтээгдэхүүнийг гарган урагшлах нь зүй. Ингэж чадаагүйгээс өрсөлдөгчдөдөө байр сууриа тавьж өгөх эмгэнэлт хувь заяатай учирдаг. Үүнд бозо нар голлох үүрэг гүйцэтгэсэн байх бий.

Өрсөлдөгч компаниуд танай байгууллагыг ардаа орхихын тулд менежментийн шинэ арга боловсруулан хамгийн сайн, хамгийн хямд, орчин үеийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Гэтэл танай байгууллага доторхи тэмцлээсээ болж цаг алдсанаар зах зээлд түрүүлж чадахаа болино. Энэ нь бозод автаж түүнийг зорилгоо биелүүлэхэд туслаж цаашид шинэчлэлтийг байнга эсэргүүцэх боломж нээж өгнө. “Бозо” –нууд “Хуучин ямар сайхан байж вэ “ гэхчилэн гомдоллодог. Хязгаарлахгүй бол шинэ санаа нэвтрүүлэхээс шууд татгалздаг. Энэ нь танай байгууллагын хамгийн том чөдөр тушаа юм.

Тэд гол төлөв “Энэ миний хийх ажил биш. Заавал өөрчилж яах гээд байгаа юм. Урьд нь ингэж хийж болоод л байсан шүү дээ “Өөр хэн ч үүнийг хийхгүй боломжгүй, бүтэхгүй. Цаг зав алга.” Гэх мэт аргацаасан зүйл хэлдэг. Тэд их аюултай. Өөрчлөлт шинэчлэлтийг зөвхөн өөрөө эсэргүүцээд суухгүй, бусдыг хатган дэмжихгүй байхыг уриалдаг. Ихэнхи ажилчид шинийг эрэлхийлэхгүй бол хоцрогдоно гэдгээ мэддэг. Гэтэл бозонууд ажилчдын сул талыг ашиглан тэдэнд бусдаар гуйлгуулах санаа өгөн улам уруу татдаг. Хэрвээ та “Бозо” – гоос зайлсхийхээр төлөвлөж зах зээлийн нөхцөл ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг сайтар судлаж чадвал бозог алгасан урагшлах боломжтой. Францын легионерууд “урагшлах эсвэл үхэх “ гэсэн үзэл баримтлалтай. Дэлхийн зах зээл, эдийн засагт өрсөлдөөнд аливаа байгууллага оршин тогтнохын тулд үргэлж шинэ зүйлийг төлөвлөн, өрсөлдөгчөөсөө илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Шинэчлэлт хийх үү, эсвэл мөхөх гэдэг асуудал бидний өмнө цаг ямагт тулгарсаар ирсэн.


Эх сурвалж: Пёрл сэтгүүл

Monday, September 21, 2009

Дүрдэг цай яаж бүтэв



Дүрдэг цайг санамсаргүйгээр зохион бүтээжээ
1908 онд Нью – Иоркийн цайны худалдаачин Томас Сулливан санамсаргүйгээр дүрдэг цайг зохион бүтээжээ.
Энэ нь одоо их Британийн 24 сая гэр бүл төдийгүй дэлхий дахинаа хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ болтлоо түгэн дэлгэрчээ.
Хэдэн будилуу Америк энэ хэрэгт оролцоогүйсэн бол бид өдийд дүрдэг цай гэдгийг мэдэх ч үгүй сууж байх байсан бизээ.
Сулливан зардал хэмнэх үүднээс хэрэглэгчдэд цайгаа амтлуулахаар жижиг торгон уутнуудад савлаж явуулсан байна. Харин сурталчилгааны цайг хүлээн авсан америкчууд учрыг нь сайн ололгүй торгон ууттай чигээр нь халуун усанд хийж эхлэснээр дүрдэг цай үүссэн байна.
Хэрэглэгчид уг цайны уутны торго хэтэрхий нягт байна гэж гомдоллосон тул Сулливан түүнийг арай сиймгэр торгомсог даавуугаар хийснээр орчин үеийн дүрдэг цайны уутыг бий болгох нөхцөл бүрджээ.
1953 онд хүртэл дүрдэг цайг зөвхөн амталгааны зориулалтаар л хэрэглэдэг байв.
Харин 1953 онд Британы цай үйлдвэрлэгч ТЭТЛИ компани дүрдэг ууттай цайны худалдааны ач холбогдлыг анх олж харжээ. Ингэснээр ТЭТЛИ компани дүрдэг цайг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
Тэтли нь долоо хоног бүр 200 сая уут дүрдэг цайг үйлдвэрлэдэг компани юм. Эднийх 1964 онд уутыг жижиг нүхтэйгээр хийх болсон нь борлуулалтыг эрс өсгөсөн байна.
1989 онд Тэтли стандарт буюу тэгш өнцөгт хэлбэртэй уутны оронд дугуй маягийн уут ашиглаж эхэлжээ. Харин хэдэн жилийн дараа мушгиж хандалж болдог уут зохион бүтээв.
Их Британийн цайны зөвлөлийн дарга Вильям Горман “Дүрдэг уут нь цайны үйлдвэрлэлийг аварсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй” гэж үнэлсэн байдаг.
ТЭТЛИ цай Монголд 2009 оны 1 сараас эхлэн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд ТЭТЛИ та бүхний амтархан уух дуртай цайны нэг болно гэдэгт гүнээ итгэлтэй байна.
ТЭТЛИ - Хүн бүрийн уух дуртай, Английн номер 1 цай


Цайны түүх, сонин хачин
• Цайг хятадууд одоогоос 5000 жилийн өмнө хэрэглэж эхэлжээ. Их Британид XVII зуунд ургамлын гаралтай эм болгон хэрэглэсэн
• Хүмүүс анх хандалсан цайны навчийг зажлахаас цааш хэтэрдэггүй байв
• Тэтли 7 хоногт хөл бөмбөгийн 128 талбайг бүрж чадах хэмжээний материалаар дүрдэг уут хийдэг
• Жирийн дүрдэг уутанд 2000 орчим жижиг нүх байдаг
• Дүрдэг уутны боломжит бүх л хэлбэр нь патентлагдсан байна. Жишээ нь цилиндр хэлбэрийн уут хүртэл байдаг байна.
• Хүн өдөрт дунджаар 4 аяга цай уудгийн 96 хувь нь дүрдэг цай байдаг ажээ
• Дүрдэг уутанд дунджаар 2,5 гр цай савлагдсан байдаг.

Гар утасны дэлхийн зах зээл


Энэ оны 1 дүгээр улиралд гар утасны дэлхийн зах зээл уналттай байв. "IDC"-ийн мэдээгээр, үүрэн утасны худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 15.8 хувиар, "CCS Insights''-ийн судалгаагаар 14.8 хувь, харин "Strategy Analytics''-ээр 13 хувиар тус тус буурчээ. Ялангуяа "Моторола" фирмийх 46.4 хувиар хорогдож, 231 сая долларын алдагдалтай ажилласан байна.

Худалдааны бууралтаараа хоёрт "Sony Ericsson" компани орж, 35 хувиар борлуулалт нь унажээ. Харин бусад үүрэн телефоны оператор дотроос "Нокиа"-гийн худалдаа арай гайгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, гар утасны нийлүүлэгчдийн хувьд смартфоны худалдааны зах зээл ойрын хугацаанд өсөх хандлагатай байна гэнэ.

Эх сурвалж: Business times

Ярих соёл

-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?

Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдлыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.

Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.

Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.

…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.

Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.

-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхлыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.

-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.
-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.

-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.

-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.

-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биеийнхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.

Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.

Эх сурвалж: Нийгмийн толь - Г.Галбадрах

Франчайз бизнесийн залилан

Хэрвээ та франчайз худалдан авах гэж байгаа бол чирнингээс болгоомжлоорой
Чирнинг-Энэ нь франчайзыг дампууруулахыг хүлээж, дахин худалдах зорилготойгоор франчайз худалдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, франчайз эзэмшигч нь бүтээгдэхүүнээс илүү франчайзаа худалдаж мөнгө олохыг хэлнэ.

Энэ асуудал бол дэлхий нийтэд түгээмэл, ялангуяа Австралид их байдаг. Энэ хэрхэн ажиллахыг үзье. Оршин тогтнохоор тэмцэж байгаа франчайз хүлээн авагч илүү удаан хугацаанд франчайзаа ажиллуулж чадах хэдий ч тэднийг алдагдлаар зовоож, франчайз бизнесийг хаалгахаар хүчилдэг. Франчайз эзэмшигч нь тэднийг амжилттай ажиллахад туслах сонирхолгүй бөгөөд тэднийг дампууруулж, хямд үнээр өөр нэг худалдан авагчдад дахин худалдахыг хүснэ. Франчайз эзэмшигч өөр хэн нэгэнд франчайзаа борлуулан дахин хоосруулж, илүү их мөнгө олдог байна. Ихэнх хүмүүсийн хувьд энэ асуудал энгийн байна. Тэд системдээ үлдэх хангалттай мөнгө олж чадахгүй. Ирээдүйд орох орлогыг хоосон амласан учраас тэд түрээсээ төлж, амарч, гэр бүлээ тэжээж чадахгүйд хүрнэ.

Хэрвээ нэг жилийн франчайз эзэмшигчийн эрэлтийг хувь 30 хувьд хүрвэл тэд чирнингээр буруутгагдах магадлалтай болно. Франчайз эзэмшигч нь нэг франчайз хүлээн авагчийг амжилттай ажиллуулахын оронд хоёрыг дампууруулснаас маш их мөнгө олно. Засгийн газар, Франчайзын холбоод болон бусад холбогдох байгууллагууд таныг чирнингээс хамгаалах ажлуудыг бараг хийдэггүй. Мэдээж тодорхой хувийг энэхүү 30 хувиас доогуур барьж байдаг учраас тэд хардалт, сэрдэлтээс зайлсхийж чадна. Энэ бол гэмт хэрэг. Франчайзын ертөнцөд франчайз хүлээн авагчдыг хамгаалсан хууль бараг байдаггүй учраас франчайз бизнесийн худалдааг маш сайн харж, судлах нь чухал. Та хичээл зүтгэлтэй, сэжигтэй болгоомжтой байх хэрэгтэй ба маш их эрсдэлгүйгээр мөнгө олох илүү сайн аргууд олон бий гэдгийг санаарай.

Франчайзын бодомжууд

Хэрэв та сайн франчайз хайж байгаа бол орох гэж байгаа бизнес тань танд үнэхээр таарч байна уу. Магадгүй та дөнгөж хөрөнгө оруулалт хийж байгаа эсвэл франчайзын гэрээ яг таны өмнө байгаа бол зогс бүх зүйлийг нарийн шалгаарай. Бид хуулийн зөвлөгөө өгөх гээгүй боловч экс-франчайз хүлээн авагчийн хувьд та яг хаана байгааг зааж өгье.

Франчайзингийн бизнес саналуудын амжилтай ажилласан түүх маш ховор бөгөөд өнөөдөр бүүр ч багассаар байна. Энэ бүхэн яг л казино тоглохтой адил юм. Ихэнхи хүмүүс мөнгө алдаж, цөөнхи мөнгө хождог ба энэхүү өчүүхэн аз эцэстээ дуусна.

Бэрхшээл юу вэ гэвэл бүх зүйл өмнө нь аль хэдийн хийгдээд бүх зах зээл ханачихсан байдаг. Франчайз эзэмшигчийн гол зорилго бол аль болох их франчайз зарж борлуулах бөгөөд энэ нь франчайз хүлээн авагч үнэхээр орлого болж чадахааргүй хоорондоо маш ойрхон олон нэгжийг бий болгоход хүргэнэ. Франчайз эзэмшигч энэхүү олон франчайз зарснаар мөнгө олж, франчайз нэгжүүд хоорондоо хэр ойрхон байх нь тэдэнд огт хамаагүй. Франчайзд хөрөнгө оруулалт хийснээр түүнээс орлого ашиг бараг олохгүй. Өөрийн бизнестээ болохыг хүсвэл үүнийг өөрөө хий. Эхлэлтэнд чамаас бага мөнгө шаардагдах ба франчайз худалдан авснаас илүү орлоготой байж, амжилт олох боломж илүү өндөр байдаг. Тэдний юу ярьж байгаад бүү итгэ, тэд зөвхөн худалдахыг л хүсдэг. Франчайз худалдан авснаар та өөрийн бизнестэй болно хэмээн ярьдаг боловч үнэндээ та өөрийхөө хийх ажлыг худалдан авч байгаа юм. Аз болж таны сүлжээний цэвэр орлого 15 хувь хүрсэн ч та франчайз эзэмшигчдээ ройэлти төлөх ёстой учраас франчайзор тань таны 50 хувь хамтрагч болох ба та зовж ажиллаж олсон мөнгөө тэдэн өгөх болно. Та үнэндээ тэдний төлөө бизнес хийх лиценз эзэмшсэн гэсэн үг. Франчайзор таны мөнгөөр зах зээлд туршилт хийж, өөрийн бизнесээ өргөтгөх учраас тэд эрсдэлийг үүрэхгүй хэн нэгэнд франчайзын хамгийн сайн санал хэмээн дуулгаж, ятгахыг оролдоно.

Франчайзын луйвар
Та франчайз бизнесийн хохирогч уу? Та дампуурсан франчайз хүлээн авагч уу?

Та франчайз бизнест орж үзээгүй бол энэ яаж сүйрдгийг ойлгоход маш хэцүү. Хүмүүс бүх амьдралдаа цуглуулсан мөнгөө үргэлж алддаг. Хөрөнгө оруулалт, дээр нь байшин, хөрөнгө мөнгөө бүгдийг алддаг бөгөөд биеийн болон оюун санааны хувьд мөн хохирно. Гэр бүл салалт, сүйрсэн харилцаа тэр ч бүү хэл амиа хорлосон тохиолдол ч их гардаг.

Та өөрт байгаа бүх зүйлээр хөрөнгө оруулалт хийж, олон жилийн цаг хугацаа зарцуулж, удахгүй бүх зүйл сайхан болно гэж итгэсээр дампуурсан бизнесээ хадгалсаар байна уу. Франчайзингийн залилангийн олон хохирогчид алдагдлаа багасгахын тулд бизнесээ орхиж чадахгүй, сайжрахыг хүлээж, илүү их хохирол амсдаг байна. Алдсан нэг цент бүр франчайз эзэмшигчийн халаасанд орох болно. Та үргэлжлүүлбэл франчайз эзэмшигчдийн мөнгө өссөөр байна гэдэг нь ойлгомжтой. "Бусад хүн ямар сайн ажиллаж байна" гэж өөртөө байнга хэлсээр та дампуурсан франчайз хүлээн авагч болсноо мэднэ. Эцэст нь та азтай бол энэ асуудлаа өөр нэг хохирогчид худалдах эсвэл цус бага асгаруулахын тулд зүгээр л зогсоох талаар таныг бодоход хүргэнэ. Чамд юу үлдэх вэ гэвэл дахин барьж байгуулахад цаг хугацаа их зарцуулахаар хоосон мөр л байх болно.

Та бүх зүйлээ алдаж, ядуурал, хоосролыг мэдэрч, чамайг ямар амархан хуурсныг мэднэ. Дэлхийд тань шиг хэдэн мянган хүн байгааг та интернэтээс хайж үзээд тайвшрах болно. Олон жилийн хугацаа, санхүүгийн хүндрэлийг орлуулах юу ч байхгүй. Юутай ч үлдсэн хамаагүй хөдөлж, амьдралаа дахин бүтээх хэрэгтэй.

Энэ бүх хууран мэхлэлтээс салсны дараа ч тэдгээр франчайзын залилагчид эргэн тойронд чинь байсаар байх болно. Тэдэнд амьдралаа хянуулахыг бүү зөвшөөрөөрэй. Зөвлөх мэргэжилтэнтэй уулзаж, юунд итгэж байгаа тухайгаа ярих хэрэгтэй. Чи маш их мэдлэгтэй болно.

Бизнесээ алдах нь гэр бүл салалт болон хайртай хүнээ алдахтай адил амьдралын хамгийн том стресс үүсгэгч гэж тооцогддог.

Швейцарийн нэрт сэтгэл судлаач доктор Элезабеф Кубер-Росс бизнесийн сүйрлийн 5 шатлал байдаг гэж үзжээ.

Үгүйсгэл.
Энэ нь хамгийн эрүүл шат бөгөөд тухайн хүн өөрөөсөө "Яагаад би гэж" асууж, заналхийлж байгаа стрессийн эсрэг тэмцэх стратеги боловсруулна.

Уур хилэн эсвэл дургүйцэл. Энэ шатанд өөрийгөө буруутгах байдал үүснэ.

Шийдвэрлэлт. Энэ нь "түр эвлэрэх үе" бөгөөд тэд өөрсдийн санаандаа байдлыг ухаж ойлгож, тэдний хийх гэж байгаа алхам амжилттай болоосой гэж боддог байна.

Сэтгэлийн дарамт. Энэ бол жинхэнэ зовлон гунигтай шат бөгөөд сэтгэлээр унаж, ямар ч итгэл найдваргүй байгаагаа мэдэрнэ.

Хүлээн зөвшөөрөлт. Энд бодит байдалтай нүүр тулж, цааш үргэлжлүүлнэ.

Бизнесийн энэхүү алдагдлын муу талыг суралцсан туршлага хэмээн үзэх нь бизнес эрхлэгчийг хурдан тайвшруулж, амьдралынхаа дараагийн алхмыг хийхэд туслана. Цаг хугацаа бол бүхнийг эмчлэгч бөгөөд зөвхөн сайн сайхан зүйлийг бодож, өчүүхэн жижиг хийх зүйл олоод, цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.

Өнгөрсөн цаг хугацаанд амралтын өдрүүдээр хийж чаддагүй байсан зүйлээ хийгээрэй. Жишээ нь: өдөржин гэр бүлтэйгээ гадуур зугаалж, ямарч ажлын тухай бодолгүйгээр өдрийн хоолоо гэрээс гадуур идэх хэрэгтэй.

Дампуурснаас 9 сарын дараа, чи байнгын ажилтай болж, халаасандаа хэдэн төгрөгтэй болсноор бизнесийн өрөө төлж эхлэнэ. Мөн сарын өмнө улс дотроо аялаж амжсан байх бөгөөд урьд нь мөрөөдөж байсан зүйлдээ зориулах мөнгийг хэмнэснээр нэлээд мөнгө цуглуулах болно. Мэдээж франчайзын залилагчдад хуурагдахаасаа өмнө ямарч бодолгүй шууд худалдаж авч чадах байсан нь ойлгомжтой. Чи ямар нэгэн өөр зүйл хийх хэрэгтэй болно. Тэдгээр хүмүүс чиний амьдралыг хангалттай сүйрүүлсэн болохоор тэдэнтэй дахин харьцахгүй байж, харьцаагаа үргэлжүүлэхийг бүү зөвшөөр. Дампуурсан франчайзын тухай сайтуудаар орж, дампуурсан тухайгаа өөрийн зовлон нэгтэй хүмүүстэй хуваалцах нь сэтгэлийг засах хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Франчайз эзэмшигч нар эдгээр сайтуудад дургүй бөгөөд хаалгахыг нууцаар гуйдаг боловч энэ бүхэн ямарч хууль дүрэм зөрчөөгүй учраас хаагдахгүй үлдсээр байна.

Эх сурвалж: Бизнес таймс - Б.Мөнхнаст