Thursday, January 7, 2010

Зорилго тодорхойгүй газар матаас их

Тууштай бай
Хүн болгоны сонсохыг хүссэн зүйл ярьснаар хүмүүсийн итгэл хүндлэлийг олж чадах нь юу л бол. Илэн далангүй, тууштай байж, найз нөхдийн дунд маргаан үл ойлголцол гарсан нөхцөлд маргасан талуудыг илэн далангүй ярилцахыг санал болгох замаар зоригтой шийддэг байх хэрэгтэй.
Хүмүүсийн амжилтыг үнэлж бай

Амжилт ололтын араас явахдаа бусдын амжилтыг олж харан үнэлдэг байх хэрэгтэй. Чухал төслийг амжилттай шийдсэн, албан тушаал ахисан гээд ойр дотны хүмүүсийнхээ ололт амжилт бүрийг үнэлэн тэмдэглэх замаар цаад хүнээ хүндэтгэж, үнэлж явдгаа харуулах хэрэгтэй.
Байдлыг өөр өнцгөөс харж сур

Ямар ч хүнд ажлаас гадна ар гэр, хувийн сонирхол, бэрхшээл гээд олон зүйл байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв ажилтнуудын тань өмнө хүндрэл бэрхшээл тулгарвал ойлгож, асуудлыг тэдний өнцгөөс харж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээх нь зүйтэй. Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх, боломжийн хирээр албан хаачиддаа зориулсан сургалт дамжаа зохион байгуулж байх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх боломж олгосноор та хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу өөрт нь тийм боломж олгосон хүний хувьд хүндлэл, итгэл олж байгаа хэрэг юм.

Хаалт
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.

Удирдлага таагүй мэдээ дуулгасан хүнд хамаг уураа гаргадагггүй байх ёстой. Маш олон тохиолдолд компанид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлсэн ажилтан хариуцлага алдсан хэмээн загнуулж гэмгүй байж хэлмэгддэг. Ингэж эртний хаад шиг таагүй мэдээ авчирсан элчийн толгойг цавчаад байвал тулгарсан асуудлын талаар илээр ярилцах хүн ховор болно. Улмаар ажлын талаар бодитой шүүмжлэл гарахгүй тос дотроосоо өтөх боломжийг бүрдүүлж өгнө.

Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хий
Ажлын газар, найз нөхдийн дунд хэрхэн бусдын хүндлэл хүлээж нэр төртэй явах талаар олон талын зөвлөгөө бий. Тэдгээрээс ямар ч нөхцөлд тохирох энгийн зөвлөгөөг танд санал болгож байна. Хүмүүс таныг хүндэлж үгийг тань анхааралтай сонсоосой гэж хүсэж байгаа бол бусдыг хүндлэж сурах хэрэгтэй. Хүн өдөр болгон ажиглаж мэдэрч байгаа зан авирыг өөрөө ч мэдэлгүй хуулбарлан хэрэглэсэн байх нь цөөнгүй. Тиймээс итгэлийг нь олох хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний санал бодол таны хувьд чухал гэдгийг мэдрүүл.

Лидерийн зан чанараа нуух хэрэггүй
Ямагт санаачлагатай, идэвхитэй байж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн энгийн гэлтгүй зүйлийг бүрэн хариуцан хийж байх хэрэгтэй. Бүгдийг чимээгүй байхад ганцаараа санал гарган, эмээлгүй хэлж, туслалцаа санал болгож байх хэрэгтэй. Өөрийгөө олон талаар хөгжүүл. Байнга ном уншиж, дамжаа, курст суралц. Энэ зөвлөгөө тийм ч чухал биш санагдаж болох ч ямар ч асуулт тавьсан хариулт өгч чаддаг хүнийг л хүмүүс сонгон, онцгойлж хүндэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

No comments: