Вольф Мессингийн амьдрал хүн төрөлхтөний түүхэнд хамгийн түгшүүртэй оньсогын нэг болж үлдсэн. Үйл явдлыг минут, цаг, сар, жил, 10, 20 жилээр нь маш нарийн урьдчилан хэлдэг гоц үзэгдлийг тайлбарлах, Мессинг яаж хүмүүсийн бодлыг уншиж байсныг ойлгох, түүний тархи ямар гоц мэдрэмжтэй байсны учрыг олох чадвар орчин үеийн шинжлэх ухаанд байхгүй.
Орчлон ертөнцийн талаарх бидний төсөөлөл олон талаар алдаатай гэдэг нь тодорхой нэгэн зүйл юм. “Та миний бодлыг яаж уншиж байна вэ?” гэж Мессингээс асуувал тэр их л доогтойгоор: нөхөөр, харах нүдтэй та өөрийгөө хараагүй хүмүүсийн улсад байна гээд төсөөлдөө. Гараараа барьж мэдрэхгүйгээр юмсыг яаж та хардаг юм бэ? гэж хараагүй хүмүүсийг асуувал,… би зүгээр л харж байна гэж хариулах байх. “Харж байна” гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж хараагүйчүүд эргээд асууна шүү дээ гэж билээ.
Вольф Мессинг 1899 оны есдүгээр сарын 10-нд Орост, нарийн ярьвал тэр үеийн хаант улсын нутаг дэвсгэрт, Варшавын ойролцоо еврейн Гура-Калевария гэдэг газар олон хүүхэдтэй айлд төржээ. Ядуу зүдүү хүмүүсийн дунд бүдүүлэг орчинд өсч, эцэг нь цэцэрлэг түрээсэлж, тэндээ гэр бүлээрээ өглөөнөөс орой болтол бөгтгөнөдөг байв. Эцэг нь хайрлаж энхрийлдэггүй Вольф хүү зүүдэлдэг өвчтэй байсан бөгөөд эхийнх нь хайрлах сэтгэл л түүнийг алганы амт үзэхээс хаяа авардаг байсан гэдэг. Эцэг нь Вольфыг хайр найргүй зоддог байжээ.
Еврей сүмийн дэргэдэх Хедер гэдэг дунд сургуулийг онц төгссөн хүүг шашны сургуульд /иешибот/ өгөхийг лам багш нь тушаасан боловч Вольф лам болохыг хүсээгүй аж. Тэгтэл түүнийг ёстой нэг айлгажээ: шашны сургуулиас гэр рүү нь их өндөр, цагаан хувцастай хүн илгээсэн нь хүүг орой гэгээ тасрахад отож байгаад иешибот руу яв! гэж хашгирчээ. Вольф ухаан алдаж унаад …тэгээд тэр сургуульд явах болов.
Ямар ч байсан нэг удаа Вольц нөгөө сургуулиасаа оргож, Варшав хүрэх галт тэргэнд тасалбаргүй сууж, нуугджээ.
Тасалбар шалгагч туулайг амархан оллоо. Тэгэхлээр нь айсандаа хүү шалан дээр хэвтэж байсан халтар цаасны тасархайг шүүрч аваад: энэ тасалбар! гээд сарвайхад шалгагч жинхэнэ тасалбар аятай нөгөө цаасыг цоолж өгөөд, гайхсан янзтай: залуу чи, суудал байсаар байтал сандал дор хэвтэж байдаг чинь юу билээ гэв.
Тийнхүү Мессинг хүмүүсийг удирдаж чадахаа мэджээ. Европт ховсдогч хийж, нэлээд нэр хүндтэй болсон Мессинг удахгүй дэлхийн хоёрдугаар дайн болохыг сайн мэдэж байсан учраас олны өмнө, тайзнаас Гитлерт хандаж, амиа ч алдаж, Герман улс ялагдах учир ЗХУ-ын эсрэг дайн дэгдээхгүй байхыг анхааруулж байв.
Мессингийн хэлсэн үгийг Польшийн сонинууд нийтэлдэг байжээ. Германы арми Польш руу халдан довтлоход Гитлер зөнчийг баривчлахыг тушаасан байна. Зөнчийн толгойг асар өндөр буюу 200 мянган маркаар үнэлэхээ амлаж байв. Мессингийн зургийг зарлалын самбар бүрт наажээ. Тэгтэл нэг удаа эзлэгдсэн Варшавт Германы нэг офицер сагсайсан үсээр нь Мессингийг таниад, нударганы амт үзүүлэв. “Муу нохой! Фюрер үхнэ гэж чи хэлсэн үү!” гэхэд гэнэтийн явдлаас болоод сандарсан Мессинг цусаа асгаруулан байж офицерыг ятгаж чадсанаар гестапод бус, цагдаагийн хэсэгт очжээ.
Офицер үгэнд нь орж, Мессинг цагдаагийн хэсэгт очив. Вольф амь нас нь үхлийн ирмэгт очсоныг ойлгожээ. Цагдаагийн газар харуулын цэргүүд л үлддэг шөнийг хүлээж байгаад Мессинг их хүч гаргаж байж харуулд гарсан бүх цагдааг өрөөндөө цуглуулсан байна. Зургаан хүн чимээгүй хана дагуу зогсчээ. Мессинг үхсэн хүний дүрээр ханзнаасаа босч харгалзагчаас түлхүүр аваад, түргэхэн гарч “олзлогдогсдыг” камерт нь цоожилжээ.
Энэ явдал 1939 оны намар болсон юм. Өөрт нь ямар аймшигтай болохыг мэдэж байсан ч ЗХУ руу, Сталин руу зугатахаар Мессинг тэр өдөр шийджээ.
Тэр Зөвлөлтийн хилийг яаж давж, Москвад яаж эсэн мэнд очсон талаар мэдээлэл бараг байдаггүй. Энэ талаар Мессинг өөрийн дурсамждаа хагас битүү утгаар дурдсан байдаг. Хэдийгээр явахаар санаа шулуудсан байсан ч Сталинтай уулзах нь Вольфын хувьд ч том даваа байсан юм. Учир нь Сталин шууд ятгалгад орчихдоггүй байсан бөгөөд Мессинг уулзалт хэрхэн төгсөхийг мэдэхгүй байлаа.
Сталины тавих эхний асуултыг Мессинг өөрийг нь Кремль рүү машинаар авч явж байхад урьдчилан мэдэв: Сталин өөрийгөө хэзээ үхэхийг Мессингээс асуух гэж байлаа. Мессинг хариуг мэдэж байсан ч энэ асуултад нь хариулахгүй гэдгээ удирдагчид шуудхан хэлээд, хэзээ ч, хэнд ч, ямар ч нөхцөлд энэ тухай хэлэхгүй гэж Сталинд андгайлсан байна. Хирдхийн цочсон удирдагч Мессингт итгэхээс өөр арга байгаагүй юм.
Берия зөнчийн чадавхийг хэд хэдэн удаа сорьсон байна. Жишээлбэл, тусгай хамгаалалттай байшин руу нэвтрэх үнэмлэхгүй орж, банкнаас хоосон цаасаар 100 мянган рубль авахыг тушаасныг Мессинг хялбархан биелүүлжээ. Тэгээд нэг юм Мессинг Бериягаас салж, тайзан дээрээс бодол унших үзүүлбэр хийж мөнгө олох зөвшөөрөл авсан байна.
Дайн эхлээд 10 хонож байхад Сталин Мессингийг Улс төрийн товчооны хуралд дуудав. Юу гуйхыг нь Мессинг мэдэж байсан учраас үнэнийг хэлэх үү эсвэл худал хэлэх үү, бүр хариулж мэдэхгүй байна гэх үү гэж толгойгоо баахан гашилгажээ. Тэгээд ямар ч байсан хэлэхээр шийдсэн байна. Дайн үнэхээр аймшигтайгаар эхэлж байгааг хэлэлцэх хурал эхэлж, хүлээсэн мөч нь ирэхэд Сталин Мессингээс: “Нөхөр Мессинг фашистуудтай хийж буй дайн хэзээ дуусахыг намдаа хэл дээ. Илэн далангүй хэл. Айх явдалгүй” гэв.
Дайн 1945 оны тавдугаар сард дуусна, ЗСБНХУ ялна гэж Мессинг хариулжээ. Хариу удирдагчийг цочиход хүргэв. Улс орноо тамир тэнхээ шавхсан хамгаалалт руу яаж эргүүлэх, дөрвөн жилийн дайнд олон сая хүний амь өргөхөд хүрэхийг хэрхэн хүлээж авахаа Сталин мэдэхгүй байв. Берия хамгийн түрүүнд босон харайж: Худалч! Бид эрт ялалт байгуулна, нохой минь! гэж хашгичжээ. Харин Сталин түүнийг болиулж: баярлалаа, нөхөр Мессинг та явж болно гэжээ.
1945 оны тавдугаар сарын 9-нд Мессинг хамтран ажилласанд талархсан Засгийн газрын цахилгаан мэдээг авсан байна.
Энэ баримтад Мессинг ЗХУ-д байсан тухай өөр нэлээд хэдэн ховор мэдээлэл нэмж болох юм. Ер нь бол түүний амьдрал өнөөг хүртэл нууцлагдмал байдаг. Цуу ярианаас үзвэл, дайны жилүүдэд тэр сөрөх тагнуулын газрын дэргэдэх цэргийн тагнуулын салбартай хамтран ажиллаж, баривчлагдсан хүмүүсийн бодлыг уншингаа, энэ үнэн хэлж байна, харин энэ гэмгүй хүн баривчилчихаж, эсвэл энэ хүн худлаа ярьж байна, Германы тагнуул байна гэхчилэн хэлэхэд түүнээс өөр зүйл шаарддаггүй байжээ. Тэр үед хэрэг нь илчлэгдсэн нэгнийг шууд буудаж байв.
Өөр нэг домогт Мессингийг мэдрэлд нөлөөлдөг зэвсэг бүтээхэд оролцсон гэдэг. Магадгүй үүнийг шалгах хэрэгтэй байх, учир нь тэр өөрийнх нь чадавхийг судалж, хүн бүр бодол санааг уншиж чаддаг болоосой хэмээн мөрөөддөг байжээ.
Ийм ер бусын чадвартай байсан Вольф Григорьевич заримдаа хүүхэд шиг гэнэн байсан бөгөөд мөрөөдөл нь биелвэл хүн төрөлхтөний амьдрал там болохыг ойлгодоггүй байв. Бодол санаа, мэдрэмжийн нууц нь амьтай бүхний амин сүнс нь юм. Харин түүний Европт өнгөрүүлсэн амьдрал нууц хөшгөөр халхлагдаагүй байна.
Хамгийн сонирхолтой түүхээс гэвэл жишээ нь, Мессинг хулгайлагдсан, гоёлын алмазан зүүг гүн Чарторыйскийгийнхээс олсон тухай дурсаж болох юм. Гүн удам дамжиж ирсэн эдлэлээ хайж ядаад Мессинг рүү өөрийн онгоцоо илгээж байсан гэдэг. Краковын ойролцоо байдаг гүнгийн эдлэнд онгоцоор ирээд Мессинг цамхагт байсан бүх хүнийг, үйлчлэгч нараас эхлээд гүнгийн гэр бүлийнхнийг хүртэл гарч ирэхийг хүсчээ. Тэр өөрийгөө зураач гэв. Түүний өмнө 45 хүн гарч ирэв. Тэдний хэн нь ч үнэт эдлэлийг хулгайлаагүй. Ердөө ганцхан хүний бодлыг л уншиж болохгүй байж. Тэр нь цайзын захирагчийн оюуны хомсдолтой хүү байв. Түүний тархинд нэвтэршгүй хөшиг татаастай байжээ. Гүн ядарсан нэгнийг хайрладаг байсан учир хүүд амар тайван байх боломж олгодог байж. Энэ хүү санаандгүй хулгай хийсэн байж болох юм гэж Мессинг бодсон байх.
Тэгээд занга тавьж - гинжтэй алтан цагаа олны нүдэн дээр эргүүлж байгаад ширээн дээр орхиод, заалнаас хурдхан гараад хаалганы завсраар харж зогсов. Юу болсон гээч! Хүү шууд л цагийг аваад, нүднийхээ өмнө савалж байгаад буланд байсан том баавгайн чихмэл рүү гүйж очоод сармагчин шиг дээш авирч, олзоо чихмэлийн онгорхой руу шидчихэв.
Мессинг чихмэлийн хоолойг нээлгэхэд шалан дээр нөгөө хүүгийн цуглуулсан янз бүрийн зүйл, бүр нөгөө алдсан гээд байсан алмазан хатгуур зүү гараад иржээ. Вольф шагналаас татгалзаж, харин гүнгээс хотын захад байгаа еврейчүүдийн амьдралын нэлээд хэдэн асуудлыг шийдэж өгөхийг л хүссэн байна.
Амьдралдаа зөвхөн ганц л удаа Мессинг хариу цохилтод орсон нь энэ аж. Дуу шуугүй, оюуны хомсдолтой хүүгийн тархи зөнчийн дайралтад автсангүй.
Ойр дотныхондоо Мессинг зөнч байх ямар хэцүү, хайртай эхнэрийгээ хорвоогоос хэзээ халих өдөр, цагийг мэдэж байх ямар аймаар болох талаар, өөрийгөө хэзээ үхэхийг мэдэхгүй байх, эх, эцэг, дөрвөн ахаа Варшавын геттод үхэхийг харахгүй байх ямар аз жаргал болох талаар нэг ч удаа ярьж байгаагүй... Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр уйтгар гуниг, шаналалд автсан байжээ.
Сүүлчийн удаа гэрээсээ гарахдаа тэр гэнэт түлхүүрээ өөрийн концертын найруулагчид өгчээ. Нөгөөх нь гайхаж, яагаад гэж асуухад: “Вольф Мессинг дахин энд ирэхгүй” гэж Мессинг хэлсэн байна. Өөрт нь хийсэн мэс заслыг /амжилттай болсон/ тэр элэглэл мэт үзэж байсан бөгөөд тасагт шилжээд удалгүй нас баржээ.
Wednesday, October 7, 2009
Ховсдогч, далдыг харагч, жүжигчин
Профессор Вольф Григорьевич Мессинг
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Алгоритмын багшийн яриад байсан хүн нь энэ байж л дээ.
Шатрын дугуйлынгын багшийн яриад байсан хүн нь энэ байж л дэ.
Гайхалтай.
Арсуны ярихгүй байсан хүн энэ юм байна л даа /ккккк/
Post a Comment