Monday, September 21, 2009

Шүлэг

Хааяа шүлэг уншаад суух бас л өөр зүйл мэдрэх шиг болдог шүү. Чойном гэдэг билэг танхай яруу найрагчийн шүлэг бүр ч янзтай. Номын сангийн маань номнууд дотор бас хүндтэйхэн байр эзэлнэ шүү. Хааяа номыг нь дэлгээд хэдэн шүлгийг нь уншчихсан байхад ч сайхан мэдрэмж төрүүлдэгдээ. Хар залуугаараа хорвоогоос хальчихсан гэж бодохоор хайран санагддаг юм. Гитар сайхан тоглодог байсан гэж байгаа. Хэдэн дууны ая бичсэн нь бүр ч гайхалтай. Зарим нэг зохиосон аяа хүний нэр дээр бичүүлээд нийтэд тоглуулж байсан нь судлаачдын хараанд өртсөн гэж байгаа. Ардчилал шударга ёс нээлттэй нийгэм гээд л 20 жил ярьцгаалаа. Гэтэл "энэ дууг Чойном зохиочихоод миний нэр дээр гаргаж байсан юм" гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Тас нуусаар өдий хүрсэн нь их сонирхолтой. За олон үгээр яахав. Хэдэн нэргүй мөртүүдээс нь орууллаа.

--------
Танил маань шинэ малгай өмсөөд
Танихгүй хүн шиг дээгүүр харж явна
Хуучин малгайгаа сольсноос биш
Хуучин муу толгойгоо солиогүй л баймаар юм.
--------
Хүйтрэх, дулаарах тэнгэрийн явдал
Хүний санаснаар болсонгүй гэж
Дэмий ч гэсэн сэтгэлээ засаж
Дээшээ хялалзан хялалзан муулцгаана

Орчлонд, хүн гэдэг амьтан
Овилго муутайгаараа гаргууд билээ.
Хэрвээ тэнгэр хүний санаагаар загнах юм бол
Хэдийнэ, энэ ертөнц сөнөх буй заа
--------
Хүчтэй ганган явах цагт
Хүн байтугай нохой хүртэл инээнэ.
Ноорч ядуурахын цагт
Нохой байтугай хүн хүртэл урах гэнэ.
--------
Гучин наймтай аавын минь
Амьд сэрүүн зүрх шиг
Гуниг баяраа дэргэд нь
Амсаж өссөн голомт минь

Тунарч хөхрөх утааны
Үнэр нь нэг л өөр
Тулган доогуур шилээсэн
Үнс нь хүртэл ондоо

Ам бүлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан

Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин
Буургар талын дундах
Бууц минь иэр байна

Жаахан тэр бууцан дээр
Жаргалаа орхиж, зовлонгоо үүрээд
Илчилгүй холын замд би
Эр бие ганцаар гач билээ.....
--------
Жигүүртэй бүхэн шувуу мөн, гэвч
Жиргэдэг ч бий, гаагалдагч бий...
Ухаантай бүхэн хүн мөн ч гэлээ
Уйлдаг ч бий, дуулдаг ч бий.
-------
Унтана гэдэг үхэхийн өөдөс
Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий......
-------
Ямар ч хүн, хэрвээ
Ялаа болж төрсөн бол
Хэдгэнэ болох сон гэдэг.
Хэдгэнэ болохдоо, болжмор болох гэдэг

Хэрвээ болжмор болчихвол
Хэт нь заавал бүргэд болох гэдэг
Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэг
Хэзээ ёзооны зуршил юм шив дээ.


2 comments:

A.Амарсайхан said...

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь

G.Bayanmunkh said...

Тийм шүү. үнэхээр сайхан мөртүүд. блог нээж үзэж байна. Таны блогоор зочилсонв Сэтгэгдлээ ч үлдээсэн. Бичлэгүүд үнэхээр таалагдсаан. Таньд баярлалаа.