Wednesday, January 20, 2010

Үнэ цэнэтэй, шилдэг ажилтанаа яаж авч үлдэх вэ

Түлхүүр ажилтнуудыг удаан тогтвортой ажиллуулах гэдэг нь бизнесийн амжилт, тогтвортой ажиллагаанд маш чухал үзүүлэлт болдог. Менежерүүд сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдэгтэй санал нийлдэг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?

Ажилтнууд ажлаас гарах нь мэдээж тохиолддог л зүйл. Гэхдээ байгууллагын хувьд шинэ ажилтныг хайх, сургах, дадлагажуулах гэх мэтчилэн зардалтай байдаг. Судалгаанаас үзэхэд дунд шатны менежер ажлаас гарахад байгууллагад түүний цалингийн 100%-тай тэнцэх хохирол гардаг. Удирдах албан тушаалтны хувьд түүнээс ч их. Жилийн цалингаас 2 дахин их хэмжээний алдагдал бий болгох чухал албан тушаалтнууд ч байдаг.

Хүний нөөцийн урсгал нь танай байгууллагын хүний нөөцийн бодлогын алдааг харуулж байдаг. Хэрэв та чухал түлхүүр ажилтнаа алдсан бол тэр салбарт ажиллаж байгаа бусад ажилтнууд ч бас тийм бодолтой байгаа гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна. Ажлаас гарч байгаа хүнтэй уулзалт хийж судалгаа авах нь үлдэж байгаа ажилтнуудаа авч үлдэхэд маш чухал мэдээллийг танд өгнө. Та үүнээс илүү хэрэгтэй мэдээллийг олж чадахгүй.

Шилдэг ажилтнуудаа тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх хамгийн шилдэг 10 зөвлөгөөг бичлээ :

1. Зарим менежментийн онолчдын судласнаар сэтгэл ханамжтай ажилтан өдөр тутам юу хийх ёстойгоо сайн мэддэг. Харин энэ хүлээлтийг өөрчилснөөр тодорхойгүй байдлыг үүсгэж эндээс стресс бий болдог. Ингэснээр ажилтнуудын итгэлтэй байдлыг алдагдуулж, ажлын амжилтгүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ ажлыг өөрчилж болохгүй гэсэн үг биш л дээ, өөрчлөлтийг маш тодорхой зааварчилгаагаар хийх буюу тухайн ажилтан өөрөөс нь яг юу хүсч байгааг маш тодорхой ойлгож байх ёстой.

2. Удирдлагын арга барил нь сайн ажилтныг тогтвортой ажиллахад маш чухал. Хүмүүс удирдлагаасаа болж ажлаас гарах нь компани болон ажлын байрнаасаа болж гарахаасаа илүү байдаг. Удирдаж байгаа ажилтан зөвхөн сайн хүн байгаад зогсохгүй, ажилтнуудтайгаа ойр байж тэднээс юу хүсч байгаа тодорхой илэрхийлж ойлголцож байх нь чухал. Ажилтнуудад эвгүй сэтгэгдэл төрүүлэх удирдлах ажилтны үйлдэл бүр ажилтныг ажлаас гарах сэдлийг өгч байдаг. Хамгийн түгээмэл гардаг сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэгч шалтгаанууд :

- Хүлээлтийн тодорхой бус байдал
- Цалин урамшууллын тодорхойгүй байдал
- Ажлын гүйцэтгэлийн талаарх үнэлгээний тодорхойгүй байдал
- Товлосон уулзалт хэрэгжихгүй байх
- Ажилтны амжилт олж болох ажлын даалгаврын тодорхойгүй байдал

3. Ажилтны санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь ажилтныг тогтвортой ажиллах түлхүүр үзүүлэлт байдаг. Танай байгууллагад ажилтнууд тань санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, солилцож чаддаг уу? Тийм бол ажилтнууд шинэ санаануудыг төрүүлж, байнгын дэвшилт хөгжил рүү тэмүүлж байдаг. Харин үгүй бол тэд ажлаас гартлаа өөрийгөө асуудалд оруулахгүйн тулд дутагдлын хажуугаар дуугүй л өнгөрдөг гэсэн үг.

4. Идэвхитэй ажилтан өөрийн ажил үүргээс гадуур ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Хэр олон ажилтан өөрийн ажил үүргээс гадуур ажил хийхэд бэлэн байдаг вэ? Та тэдний ур чадвар, туршлагыг судлаж үзээд хөнгөн ажлуудыг оноох хэрэгтэй. Жишээ нь нэгэн жижиг компанийн менежер компанийхаа маркетингийн төлөвлөгөө, лого хийх ажил дээр гадны мэргэжилтнүүдийг хөлслөн авчээ. Харин тус компанийн 7 жилийн туршлагатай борлуулалтын ажилтан энэ ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн боловч менежер түүнийг тоосонгүй. Харин үүний үр дүнд борлуулалтын ажилтан ажлаасаа гарсан байна. Тэр ажилтны мэдлэг ур чадвар, туршлагыг компани нь үнэлээгүйгээс тухайн ажилтан өөр ажил хайх шалтгаан болжээ.

5. Шударга үнэлгээ, тэгш байдал нь үнэ цэнэтэй ажилтанг авч үлдэхэд чухал үзүүлэлт болдог. Нэгэн компанид шинээр орсон борлуулалтын ажилтанд хамгийн амжилттайн явж байгаа бүтээгдэхүүнийг хариуцуулж өгчээ. Харин хуучин ажилтнууд нь үүнийг тэдний ширээн дээрээс хоолыг нь булааж авсантай адилаар хүлээн авсан байна. Мэдээж хуучин ажилтнууд өөрсдөдөө гарах дараагийн боломжийг хүлээж байсан нь тодорхой.
Өөр бас нэгэн жишээн дээр сургууль төгсөөд 1,2 жил болж байгаа залуу ажилтан 6 сарын дараа 20,000$-ийн нэмэлт урамшуулал авчээ. Мэдээж компани дотор нууц хадгалагдана гэж байхгүй, бусад ажилтнуудад энэ нь сөрөг сэдэлжүүлэлт болж байдаг байна. Жишээ нь таны ажилтнуудын дунд MBA зэрэгтэй, 10 жилийн туршлагатай, өөрийгөө компанидаа маш их хувь нэмэр оруулж байдаг гэж боддог ажилтан байг. Тэр хүн энэ залуу ажилтнаас бага цалин авч байгаагаа мэдэнгүүтээ шинэ ажил хайж эхлэнэ. Тэгдэггүй юм аа гэхэд л ажлын сэтгэл ханамж нилээн буурч, бүтээмжинд сөргөөр нөлөөлөх нь мэдээж.

6. Ажилтан ажил дээрээ алдаа гаргахад гол шалтгаан нь юу байдаг вэ? Ихэвчлэн хэрвээ ажилтан хийх ажлаа сайн мэддэг бол энэ асуултын хариу нь цаг хугацаа, хэрэгсэл, сургалт, ур чадвар. Ийм асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга бол байгууллагаас ажил дээр алдаа гаргуулахгүйн тулд ажилтныг цаг хугацаа, хэрэгцээтэй хэрэгслүүд, сургалтаар байнга хангаж байх ёстой. Хэрэв тийм биш бол ажилтан тийм хангамжийг өгдөг газрыг л хайх болно.

7. Таны шилдэг ажилтнууд, таны цаашид тогтвортой ажиллуулахыг хүсч буй тэр ажилтнууд байнга шинэ боломжийг эрж хайж, өөрийгээ карьер, мэдлэг ур чадварын хувьд өсгөхийг тэмүүлж байдаг. Шинэ боломж нээгддэггүй, сургалт семинарт оролцох боломжгүй, шинэ юм сурах түүн дээрээ ярилцах боломж олддоггүй нөхцлийг тэд ялзарч байгаа үхээнц байдал мэтээр хүлээж авдаг. Карьерын өсөлтийн хэрэгцээ бүхий ажилтнууд танай байгууллагад байнга өсч дэвжих хэрэгцээгээ хангах боломжтой байх ёстой.

8. Ажлаас гарах ярилцлага дээр хамгийн түгээмэл гардаг гомдол бол тэдний удирдах албан тушаалтан тэдний байгаа гэдгийг огт мэддэггүй байсан гэх шалтгаан байдаг. Удирдах албан тушаалтан гэдэг нь жижиг компанийн хувьд Захирал, томоохон компаниудын хувьд салбарын дарга нарыг хэлж байгаа юм. Тусгайлан цаг гаргаж шинэ ажилтантай танилцаж, тэдний ур чадвар, хүсэл сонирхлыг судлаж мэдэж авах нь чухал. Ажилтнуудтайгаа тодорхой давтамжтай уулзаж бай. Танд илүү хэрэгтэй мэдээллүүд цуглаж та байгууллагынхаа судасны цохилтыг мэдрэх болно. Энэ нь ажилтнууддаа илүү үнэ цэнэтэй, тухтай мэдрэмж төрүүлэхэд туслах болно.

9. Нөхцөл байдал ямар ч байсан, ХЭЗЭЭ Ч, бүр ХЭЗЭЭ Ч битгий ажлаар нь эсвэл орлогоор нь сүрдүүл. Хэдийгээр төлөвлөсөн борлуулалтандаа хүрч чадахгүй бол салбар хаалгаа хаах ч байсан энэ урьдчилсан таамаглалаас шалтгаалан ажилтныг сүрдүүлэх нь буруу. Та тэр мэдээллийг яаж ч тайлбарласан, таны 100% зөв байсан ч ийм мэдээг сонссон таны хамгийн сайн ажилтан CV-ээ шинэчлэн бэлдэж эхлэх болно. Чухал мэдээллийг хүмүүсээс нуу гэж байгаа юм биш л дээ, гэхдээ хүмүүсийг тогтворгүй байдалд оруулах мэдээг хэлэхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй.

10. Таны ажилтан өөрийгөө удирдлагууддаа үнэлэгддэг, үнэ цэнэтэй гэдгээ байнга мэдэрч байх ёстой. Байнга баярлалаа гэж талархал илэрхийлэх хамгийн хялбар арга. Мөнгөн урамшуулал, бонус, бэлэг өгөх нь таны талархлыг улам хүндэтгэлтэйгээр харуулах болно. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой цалингийн нэмэгдэл, урамшууллын систем нь ажилтныг тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй. Албан тушаал томилолт, цалингийн нэмэгдэл, урамшууллын систем өдөр тутмын ажлын үнэлгээнээс хамаарч хэрхэн нэмэгдэж байгаа нь бүгдэд ойлгомжтой, шудрага үнэлгээтэй байх нь маш чухал. Ажил бол мөнгөтэй салшгүй холбоотой, ажилтан бүр орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг гэдэгтэй та санал нийлэх байх.

Та өөрийн байгууллагын орчноо дахин нэг хар даа, танай шилдэг авъяастнууд тогтвортой ажиллах орчин байна уу? Эдгээр 10 зөвлөмжийг байгууллага дээрээ хэрэгжүүлж таны хамгийн хайртай, авъяаслаг ажилтнуудтайгаа удаан хугацаагаар тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлээрэй.
Эх сурвалж: http://topica.miniih.com

Sunday, January 10, 2010

Хэдэн үг

Өөрийн алдаан дээр суралцдаг бол хүнийх дээр тушаал ахидаг.

А.Фюрстенберг

Албан тушаал сайхан ч хүйтэн шөнө хүнийг дудаацуулдаггүй.
М.Монро

Хүнийг шоглож болно. Гэхдээ нэрээр нь бүү оролд.
Марина Цветаева


Ялалтыг өмчлөх хүн олон байхад ялагдлын хариуцлагыг хүлээх хүн олддоггүй.

Дж.Кеннеди

Thursday, January 7, 2010

Зорилго тодорхойгүй газар матаас их

Тууштай бай
Хүн болгоны сонсохыг хүссэн зүйл ярьснаар хүмүүсийн итгэл хүндлэлийг олж чадах нь юу л бол. Илэн далангүй, тууштай байж, найз нөхдийн дунд маргаан үл ойлголцол гарсан нөхцөлд маргасан талуудыг илэн далангүй ярилцахыг санал болгох замаар зоригтой шийддэг байх хэрэгтэй.
Хүмүүсийн амжилтыг үнэлж бай

Амжилт ололтын араас явахдаа бусдын амжилтыг олж харан үнэлдэг байх хэрэгтэй. Чухал төслийг амжилттай шийдсэн, албан тушаал ахисан гээд ойр дотны хүмүүсийнхээ ололт амжилт бүрийг үнэлэн тэмдэглэх замаар цаад хүнээ хүндэтгэж, үнэлж явдгаа харуулах хэрэгтэй.
Байдлыг өөр өнцгөөс харж сур

Ямар ч хүнд ажлаас гадна ар гэр, хувийн сонирхол, бэрхшээл гээд олон зүйл байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв ажилтнуудын тань өмнө хүндрэл бэрхшээл тулгарвал ойлгож, асуудлыг тэдний өнцгөөс харж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээх нь зүйтэй. Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх, боломжийн хирээр албан хаачиддаа зориулсан сургалт дамжаа зохион байгуулж байх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх боломж олгосноор та хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу өөрт нь тийм боломж олгосон хүний хувьд хүндлэл, итгэл олж байгаа хэрэг юм.

Хаалт
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.

Удирдлага таагүй мэдээ дуулгасан хүнд хамаг уураа гаргадагггүй байх ёстой. Маш олон тохиолдолд компанид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлсэн ажилтан хариуцлага алдсан хэмээн загнуулж гэмгүй байж хэлмэгддэг. Ингэж эртний хаад шиг таагүй мэдээ авчирсан элчийн толгойг цавчаад байвал тулгарсан асуудлын талаар илээр ярилцах хүн ховор болно. Улмаар ажлын талаар бодитой шүүмжлэл гарахгүй тос дотроосоо өтөх боломжийг бүрдүүлж өгнө.

Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хий
Ажлын газар, найз нөхдийн дунд хэрхэн бусдын хүндлэл хүлээж нэр төртэй явах талаар олон талын зөвлөгөө бий. Тэдгээрээс ямар ч нөхцөлд тохирох энгийн зөвлөгөөг танд санал болгож байна. Хүмүүс таныг хүндэлж үгийг тань анхааралтай сонсоосой гэж хүсэж байгаа бол бусдыг хүндлэж сурах хэрэгтэй. Хүн өдөр болгон ажиглаж мэдэрч байгаа зан авирыг өөрөө ч мэдэлгүй хуулбарлан хэрэглэсэн байх нь цөөнгүй. Тиймээс итгэлийг нь олох хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний санал бодол таны хувьд чухал гэдгийг мэдрүүл.

Лидерийн зан чанараа нуух хэрэггүй
Ямагт санаачлагатай, идэвхитэй байж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн энгийн гэлтгүй зүйлийг бүрэн хариуцан хийж байх хэрэгтэй. Бүгдийг чимээгүй байхад ганцаараа санал гарган, эмээлгүй хэлж, туслалцаа санал болгож байх хэрэгтэй. Өөрийгөө олон талаар хөгжүүл. Байнга ном уншиж, дамжаа, курст суралц. Энэ зөвлөгөө тийм ч чухал биш санагдаж болох ч ямар ч асуулт тавьсан хариулт өгч чаддаг хүнийг л хүмүүс сонгон, онцгойлж хүндэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Tuesday, January 5, 2010

Monday, January 4, 2010

Хязгаар

Лидер хүн юунд хязгаарлагдаад байгаагаа ухаарч ойлгодог ч чухамдаа түүндээ тэгтлээ хязгаарлагдан баригддаггүй. Тухайлбал тодорхой нэг ажлыг гүйцэтгэх ёстой ч мөнгө төгрөг хязгаартай зарах шаардлагатай бол тухайн нөхцөл боломжиндоо тулгуурлан чамгүй сайн гүйцэтгэж чаддаг байх жишээтэй.
Гурван хүний хийх ажлыг хоёр хүн яаж хичээгээд ч сайн хийж гүйцэтгэж чадахгүй нь үнэн боловч сайн лидер байхад хоёр хүнийхээ хүчийг зөв хуваарилсаныхаа ачаар гурван хүнээс дутахааргүй сайн гүйцэтгэх боломж бүрддэг.
Цаг гэдэг ямагт хязгаар болдог. Их хотыг ганц хоногийн дотор босгосон түүх хаа ч үгүй шүү дээ. Гэвч лидер хүн цагийг хамгийн үр дүнтэй ашиглах эрдэмд суралцсан байдаг. Золоор юунд ч хязгаарлагддаггүй зүйлс гэж бий:
Мөрөөдлийг юу ч хязгаарлан боож үл чадна.
Шинэ соргог санааг юу ч хязгаарлаж үл чадна.
Энэрэл хайрыг юу ч хязгаарлаж үл чадна.
Хэдийгээр та хамаг дэлхийг өөртөө дагуулж эс чадах боловч багахан хэсгийг нь бол зарим нэг хязгаараа гэтлэн гарсныхаа ачаар өөрийн мэдэлд оруулж болно шүү дээ.


Бэрхшээл гэдэг зөвхөн ажлын явцад гарч ирсэн боломж юм.
Хенри Ж.Кайсер